Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ирэх сарын 4-нд Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Тус айлчлал нь Гэгээн Ширээт Улсад Монголын төрийн тэргүүн хамгийн сүүлд морилсноос хойш даруй 14 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн албан ёсны урилгаар 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Ватиканд төрийн айлчлал хийхээр товлож, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд албан ёсны уулзалт хийнэ
Айлчлалын гол төлөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап XIV Лео нарын албан ёсны дээд түвшний уулзалт багтаж байгаа юм. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, соёл, хүмүүнлэг, боловсрол болон эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломжуудыг ярилцах төлөвтэй.
Мөн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга, Кардинал Пиетро Паролин-д бараалхаж, төрийн удирдлагын түвшинд явуулж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
30 гаруй жилийн тасралтгүй харилцаа ба 800 жилийн түүхэн гүүр
Монгол Улс болон Гэгээн Ширээт Улс 1992 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа тогтвортой өрнөж иржээ. Соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлийн хамтарсан төсөл, санаачилгууд хоёр орны харилцааг жигд, идэвхтэй түвшинд хадгалж байгаа юм.
2023 онд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны 800 орчим жилийн түүхтэй харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болж байв.
Түүхэн сурвалжид тэмдэглэснээр, Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд илгээсэн захидал, түүнд хариу болгон 1246 онд Их хаанаас илгээсэн захидлууд нь Монгол болон Гэгээн Ширээт Улс олон зууны тэртээгээс харилцаж байсныг гэрчлэх үнэт баримт хэмээн өнөөг хүртэл судлагдсаар байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн удахгүй хийх энэ айлчлал улс төр, дипломатын түвшинд төдийгүй түүх, соёлын гүн харилцааг бататгах, шинэ эрин үеийн хамтын ажиллагааны суурийг илүү бэхжүүлэх алхам болно гэж ажиглагчид үзэж байна.