Table of Contents
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан спортын арга хэмжээ Монголд тэр бүр зохион байгуулагддаггүй. Тэгвэл “Юбикаб” компани өнгөрөгч амралтын өдрүүдэд тэгш оролцоог дэмжих зорилготой “UBCab Championship 2025” нэртэй спортын өдөрлөгийг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн наадам өмнөх жилүүдээс илүү онцлог байсан нь тэргэнцэртэй сэлэмний төрлийг анх удаа багтаасан явдал байв.
Тэгш оролцоог дэмжсэн шинэ төрөл
“Юбикаб”-ын жолоочдын дунд тулгуур эрхтний болон сонсголын бэрхшээлтэй иргэд цөөнгүй бий. Тиймээс компани нь “Сонсголын бэрхшээлтэй жолооч нарт зориулсан тусгай сургалт” зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй ажилчдаа дэмжих зорилгоор тэргэнцэртэй сэлэмний төрөл нэмсэн нь тэдний хувьд том дэвшил болжээ.
“Юбикаб”-т ажилладаг олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан тэргэнцэртэй сэлмийн тамирчид ч энэ төрөлд оролцсон бөгөөд компанийн зүгээс тэдэнд олон улсын тэмцээний бэлтгэл болон оролцоонд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.
570 орчим жолоочийн спортын баяр
80 мянга гаруй жолоочтой “Юбикаб” компанийн хувьд жил бүр хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор дараах гурван уламжлалт арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнд:
- Спортын наадам
- “Мянган жолоочийн уулзалт”
- “UBCab Family” өдөрлөг
Энэ жилийн спортын өдөрлөгт 560 гаруй жолооч оролцож дараах есөн төрлөөр өрсөлджээ.
- Сагсан бөмбөг
- Волейбол
- Шатар
- 13 покер
- Counter Strike 2
- Тэргэнцэртэй сэлэм
- Дартс
- Ширээний теннис
- Mobile Legends
Оролцогчдын сэтгэгдэл
“Юбикаб”-ын жолооч Б.Даваасүрэн:
“Албан байгууллагууд спортын наадам зохион байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрөл оруулдаг нь ховор. Харин манай компани энэ тал дээр үлгэр жишээ болж байна. Энэ тэмцээн нь ирэх Дэлхийн цомын тэмцээний өмнөх бэлтгэл, туршлага солилцох талбар болж өглөө.”
Тэргэнцэртэй сэлмийн тамирчин М.Булганчимэг:
“Юбикаб-д бүртгүүлээд удаагүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, тэр дундаа тэргэнцэртэй сэлмийг дэмжиж, олон нийтэд таниулж байгаад маш их баярлаж байна. Энэ бол үнэхээр эерэг санаачилга гэж бодож байгаа.”
Энэхүү спортын өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодитоор дэмжсэн, хүртээмжтэй арга хэмжээний жишиг болж чадлаа.