Угаар мэдрэгчээ унтраасан айлд түлш олгохгүй гэж мэдэгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй

Ирэх сарын 15-наас эхлэн “Хотула” аппликэйшнээр сайжруулсан болон хагас коксон түлшээ авдаг айл өрхүүд угаарын хий мэдрэгчээ унтраасан тохиолдолд түлш авах боломжгүй болох зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Энэхүү шинэ журам нь угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд иргэд зөвхөн мэдрэгчээ ажиллуулсны дараа л түлш авах боломжтой болохыг албаныхан мэдээлжээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдэгдэхдээ, утаагүй мэт харагдаж байгаа ч дохиолол дуугарвал үүнийг үл тоож мэдрэгчээ унтраах нь маш аюултай гэв. Энэ жилээс зайнаас хянагдах боломжтой, батерейгаар ажилладаг ухаалаг угаар мэдрэгчийг нэвтрүүлсэн бөгөөд нийслэлд гал түлдэг 176 мянган өрх бүртгэлтэй байгаагаас 131 мянгад нь энэхүү төхөөрөмжийг суурилуулжээ.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд айлуудтай тогтмол холбоо барьж, шаардлагатай үед очиж мэдрэгчийг асаах зөвлөмж өгдөг байна. Угаарын хий нь өнгө, үнэр, амтгүй тул мэдэгдэхгүйгээр хүний биед хүнд хор нөлөө үзүүлэх магадлал өндөр. Тиймээс иргэд аюулгүй байдлаа мэдрэмжээрээ бус, зөвхөн угаар мэдрэгчийн дохиололд үндэслэн хангах ёстойг онцлов. Мөн мэдрэгчээ зориуд унтраасан айлд түлш нийлүүлэхгүй байх нь хариуцлагажуулах арга хэмжээний нэг гэж тайлбарлалаа.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айлуудад байрлуулсан алсын зайн дамжуулалттай мэдрэгчийг өдөрт 24 цагийн турш хянадаг. Уг төвийн 500 гэрээт ажилтан нийслэлийн 112 хороонд ажиллаж, нэг хороонд дунджаар дөрвөн ажилтан үйлчилж байна. Угаарын эрсдэл илэрсэн айлын мэдээлэл төвийн дэлгэцэд автоматаар гарч ирдэг бөгөөд ажилтнууд шуурхай холбогдон зөвлөгөө өгдөг.

Мөн энэ төвөөс зуух, яндан, пийшинд хөөлөлт болон засвар үйлчилгээ үзүүлэх замаар гэр хорооллын өрхүүдийн аюулгүй байдлыг хангахад нэмэр болж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй