Угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлэг: Сүүлийн 14 хоногт 150 гаруй хүн хордов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
хоногт угаарын хийд

Хоёрдугаар сарын эхний хагаст буюу 3-наас 16-ны өдрүүдэд нийт 153 иргэн угаарын хийнд хордож, яаралтай тусламж авсан тухай албаны тоо баримт гарлаа. Хүйтний эрч сулраагүй байгаа энэ үед гэр хорооллын айл өрхүүд болон орон нутгийн иргэд түлшний шаталт, зуухны бүрэн бүтэн байдалд анхаарах шаардлагатай байгааг энэхүү үзүүлэлт харуулж байна.

Нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн хордлогын тохиолдлыг дүүрэг, байршлаар нь ангилбал:

  • Нийслэлийн төвийн дүүргүүд: Сонгинохайрхан (48), Чингэлтэй (27), Сүхбаатар (23), Баянзүрх (23), Хан-Уул (8), Баянгол (5).
  • Алслагдсан дүүрэг: Налайх дүүрэгт 5 тохиолдол.
  • Орон нутагт: Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд болон Төв аймгийн нутаг дэвсгэрт нийт 14 хүн угаартсан байна.

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй тул хүн мэдэлгүйгээр хордож, амь насаа алдах эрсдэл өндөр байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (НЭМҮТ) иргэдийг яндангийн таталтаа шалгах, мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг хянах, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт тогтмол хийж байхыг онцгойлон анхаарууллаа. Гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө галлагааны горимыг зөв мөрдөж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй