Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээсэн “The MongolZ” багийн тамирчидтай УИХ-ын гишүүн П.Сайнзориг уулзаж, санал бодлыг нь сонслоо. Тус баг нь энэ оны эхээр АНУ-д зохиогдсон дэлхийн хэмжээний “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд Ази тивээс анх удаа дэд байр эзэлж, онцгой амжилт гаргасан юм.
Уулзалтын үеэр “The MongolZ” багийн төлөөлөл болон И-спортын холбооны зүгээс цахим спортын салбарын эрх зүйн зохицуулалт, ялангуяа татварын орчныг сайжруулах талаар тодорхой саналууд гаргасан байна. Одоогийн хэрэгжиж буй хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд спортын төрлүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлэх боломжтой ч, цахим спорт буюу и-спортын төрөл хуулиар тусгайлан заагдаагүй байгаа нь тулгамдаж буй асуудлын нэг гэгдэж байна.
Энэ хүрээнд И-спортын салбарын төлөөлөгчид уг төрлийг хуульд тусгаж, татварын урамшуулалд хамруулах заалтыг хуульд нэмж өгөхийг хүсч, төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байгааг онцолсон юм.
Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг уулзалтын үеэр “Ирээдүйн залуусын сонирхол, дэлхийн чиг хандлагад нийцсэн цахим спортын хөгжлийг эрх зүйн хүрээнд дэмжих нь зүйтэй. Тиймээс энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийж, шаардлагатай бол хууль санаачлах замаар шийдэлд хүргэхийн төлөө ажиллана” гэж мэдэгджээ.