Украин улс Ням гарагт Оросын нутаг дэвсгэрт дроны том хэмжээний цохилт амжилттай хэрэгжүүлсэн тухай албан ёсоор мэдээлэв. “Аалзны тор” нэртэй энэхүү ажиллагаанд Украины тусгай алба СБУ нийт 117 дрон ашигласан бөгөөд цохилтод өртсөн дөрвөн цэргийн бааз дээр дор хаяж 40 байлдааны нисэх онгоц устсан гэж мэдэгдсэн байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг довтолгоонд стратегийн бөмбөгдөгч Ту-95, Ту-22М3, урьдчилан сэрэмжлүүлэх А-50 зэрэг онгоцнууд багтсан бөгөөд Оросын стратегийн агаарын хүчний 34 хувь нь цохилтод өртсөн хэмээн мэдэгджээ. Тэрбээр СБУ-ийн тэргүүн Васил Малюкт “гайхалтай үр дүнтэй ажиллагаа” зохион байгуулсанд баяр хүргэсэн байна.
СБУ энэ ажиллагаанд хагас жил орчим бэлтгэж, дронуудыг модон хайрцагт нууж, ачааны автомашинаар Оросын агаарын баазуудын ойролцоо нууцаар тээвэрлэн, тохиромжтой цаг ирэхэд алсаас хөөргөсөн байна. Зеленскийн хэлснээр, ажиллагааг удирдаж байсан төв байр нь Оросын ФСБ-ын төвийн яг дэргэд байрлаж байжээ. Оролцсон бүх хүмүүс цохилтоос өмнө ОХУ-аас гараад явсан болохыг ч тэр дурдсан.
Украины талын мэдээлснээр дроны довтолгоонд өртсөн баазууд нь Эрхүүгийн Белая, Мурманскийн Оленя, Рязаний Дягилево болон Ивановогийн нисэх хүчний баазууд бөгөөд Белая болон Оленя нь Украины хилээс хэдэн мянган километрийн зайд байрладаг юм.
Энэхүү ажиллагаа явагдсаны дараа Оросын тал үүнийг “террорист халдлага” гэж нэрлэж, Украины довтолгооныг шүүмжилжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Украины дөрвөн бааз руу хийсэн цохилтын хариуд Ням гарагт Оросын зүгээс нийт 472 дрон, долоон баллистик болон далавчит пуужинг Украины нутаг дэвсгэрт харвасан байна. Украины тал 385 пуужин, дроныг саармагжуулсан гэж мэдээлэв.
Гэсэн ч Украины хуурай замын цэргийн сургалтын төв пуужингийн цохилтод өртөж, 12 алба хаагч амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан байна. Үүний дараа Зэвсэгт хүчний командлагч хошууч генерал Михайло Драпатый огцрох хүсэлтээ гаргажээ.
Энэ бүх үйл явдал Туркийн Истанбул хотод Орос, Украины төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээ эхлэхийн өмнөх өдөр болсон нь анхаарал татаж байна. АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткоффын дэвшүүлсэн гал зогсоох шинэ саналыг Израил дэмжсэн ч Хамас хүлээж аваагүйтэй холбоотойгоор бүс нутгийн нөхцөл байдал цаашид улам хүндэрч болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.

