Японы Сүмо Бөхийн Холбоо өнөөдөр ирэх оны Нэгдүгээр сарын тэмцээний банцүкэг хэлэлцээд, Ажигава дэвжээний бөх Аонишикид озэки цол олгох шийдвэрийг бүгд санал нэгтэйгээр дэмжлээ. Сүмо бөхийн түүхэнд чухал энэхүү мэдээг албан ёсоор дуулгахын тулд Холбооноос Асакаяма, Оошима ояката нарыг Ажигава дэвжээнд элч төлөөлөгчөөр илгээсэн байна. Ажигава ояката, түүний эхнэр буюу окамисан, болон Аонишики нар толгой бөхийн сөгдөж, шинэ цолыг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Сүмогийн шинэ арслан, аваргуудын хэлэх андгайн үгс олон нийтийн анхаарлыг татдаг уламжлалтай. Харин энэ удаад Украин улсаас төрсөн анхны озэкигийн үг тун энгийн бөгөөд утга төгөлдөр байлаа. Аонишики «Озэки цолны нэр хүндийг сэвтүүлэлгүй улам дээш дэвшихийн төлөө хичээн зүтгэнэ» хэмээн андгайлжээ.

Украины Анхны Озэки
Озэки цол хүртсэн Даниил Явгусишин нь Украины хоёр дахь мэргэжлийн сүмоч бөгөөд Ажигава дэвжээний бөх юм.
- Шиконагийн Утга: Түүний авсан Аонишики (安青錦) нэр нь гурван ханзнаас бүтдэг:
- 安 (Ан): Тайван
- 青 (Ао): Хөх (Украины далбаа, Даниилын цэнхэр нүдийг бэлгэдсэн)
- 錦 (Нишики): Торго (Японд амжилт олсон хүнийг гэртээ торгоор хучуулаад ирлээ гэж хэлдэг уламжлалтай тул багш нь цолтой бөх болохыг бэлгэдэн өгсөн).
- Түүх: Явгусишин 7 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2019 онд Осакад болсон сонирхогчдын сүмо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Тэрээр Германд тэмцээнд оролцож байх үедээ Оросын цэрэг Украинд халдан довтолсныг сонссон байна.
- Мэргэжлийн Сүмо: 2022 оны дөрөвдүгээр сард Германыг орхин Японд ирсэн тэрээр Сонирхогчдын ДАШТ-ийн үеэр танилцсан Япон дасгалжуулагч нарын зуучлалаар Ажигава дэвжээнд дадлага хийж, мэргэжлийн сүмод оржээ. Аонишики нь одоогоор 21 настай, 182 см өндөр, 140 кг жинтэй юм.