Home Гадаад мэдээ Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт дахин довтолж эхэлжээ

Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт дахин довтолж эхэлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Украины арми

Ням гарагт Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт дахин нэвтэрч, шинэ байлдааны ажиллагаа эхлүүлсэн тухай хоёр талын эх сурвалжууд мэдээлсэн байна. Украины цэргүүд Тёткино тосгоны ойролцоо оршдог дроны удирдлагын төвийг устгасныг тус улсын зэвсэгт хүчний жанжин штаб баталжээ.

Оросын албаны эх сурвалжууд Рыльск хотын цахилгааны дэд станц Украины цохилтын улмаас дэлбэрч, эрчим хүчний хангамж тасарсныг мэдээлсэн байна. Рыльск хотын дэд станцын хоёр трансформатор гэмтэж, дэлбэрэлт болсон үед өсвөр насны хоёр хүүхэд шархадсан гэж Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Александр Хинштейн Телеграм хуудсаараа мэдэгдсэн юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард Украины армийнхан ОХУ-ын Курск мужид нэвтэрч, хэсэг газар нутгийг хяналтдаа авч байсан билээ. Харин Оросын эрх баригчид өнгөрсөн сарын сүүлээр Курск мужийн нутаг дэвсгэрийг бүрэн чөлөөлсөн тухай мэдэгдсэн байна.

Украины цэргүүд Даваа гарагт ОХУ-ын Курск мужийн нутагт дахин байлдааны ажиллагаа явуулж, хил давуулан пуужин харваж, тусгай хуягт машинаар минажуулсан талбайд нэвтэрчээ. RVvoenkor нэртэй блогчин “Дайсны тал шөнийн цагаар гүүрнүүдийг пуужингаар дэлбэлж, өглөө нь хуягт машинтай явган цэргүүдээр довтолж эхэлсэн. Хил орчимд ширүүн тулаан үргэлжилж байна” гэж бичжээ.

Түүнчлэн Украины тал Курск мужийн нутаг дэвсгэрт байр сууриа хадгалсаар байгаагаа мэдээлсэн байна. Одоогоор Курск мужид юу болж байгаа талаар Оросын албаны эх сурвалжууд ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Мөн, Москва хотын чиглэлд нисэж байсан дөрвөн дроныг Подольск орчмын зэвсэгт хүчний анги устгасан тухай Оросын нийслэлийн захирагч Сергей Собянин мэдээлсэн юм. ОХУ-ын батлан хамгаалах яам Украины талаас нийт 26 дрон устгасан гэдгээ мэдэгдсэн байна.

Энэхүү үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баяр Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдаж, гадаадын төрийн тэргүүнүүд оролцох гэж буй цаг үед болсон нь анхаарал татаж байна. ОХУ-ын батлан хамгаалах яам 3-р сард Украины талаас 337 дроныг устгасан гэж мэдээлсэн бөгөөд 91 нь Москва хотын ойр орчимд байжээ.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.