Украины шинэ Ерөнхий сайдаар Юлия Свириденко томилогдлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Украины шинэ Ерөнхий сайдаар Юлия Свириденко томилогдлоо

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 14-нд Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн сайд Юлия Свириденкод Ерөнхий сайдын албыг хаших саналыг тавьснаар түүнийг шинэ Засгийн газрын тэргүүнээр томиллоо.

Юлия Свириденко нь Украины түүхэнд Юлия Тимошенкогийн дараа хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа бөгөөд 39 настайдаа энэхүү хариуцлагатай албанд томилогдож байна. Тэрбээр өнөөг хүртэл Ерөнхий сайд байсан Денис Шмыгалийг албан ёсоор залгамжилж байгаа юм.

1985 онд Чернигов хотод төрсөн Юлия Свириденко эдийн засагч мэргэжилтэй бөгөөд “Монополийн эсрэг үйл ажиллагааны менежмент” чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Мөн ХБНГУ-ын Хойд Саксоны Удирдлагын академид мэргэжил дээшлүүлж байжээ.

Түүний улс төрийн замнал 2015 онд эхэлсэн бөгөөд тэр үед Чернигов мужийн захиргаанд ажиллаж байв. 2018 онд тус мужийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бол 2019 онд Украины Эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд тэргүүнээр ажиллажээ.

2021 оноос Тэргүүн Шадар сайд, мөн Эдийн засгийн сайдын албыг хашиж буй бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн шинэчлэлийн чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Тухайлбал, 2025 онд АНУ-ын талтай ховор элементийн хамтын ажиллагааны гэрээг Украины талаас тэрээр гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Юлия Свириденкогийн томилгоо нь Украинд улс төрийн удирдлагын түвшинд шинэ шат эхэлж буйг илтгэж байгаа бөгөөд түүний удирдлага дор эдийн засгийн шинэчлэл, олон улсын түншлэл илүү эрчимжих хүлээлт үүсээд байна.

article 23974810 ad94 4ae7 939d 635738f62d1f

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment