Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга “Улаанбаатар Амазонс” баг Азийн лигийн хоёр дахь улиралд оролцохоор болсон байна. Энэ бол Монголын эмэгтэй багийн хувьд олон улсын лигийн тавцанд анх удаа гарах түүхэн боломж болж байна.
Монголын Сагсан бөмбөгийн холбоо Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүсэлт гаргасны үндсэн дээр тус эрхийг авсан бөгөөд тэмцээн энэ сарын 23-28-нд БНХАУ-д зохион байгуулагдана. Тэмцээнд Монголын багийн зэрэгцээ Япон, БНСУ, Тайвань, Саудын Араб, БНХАУ-ын аваргууд оролцоно.
Хэсгийн хуваарилалт:
- “А” хэсэг: Хятадын аварга “Донгуан Нью Сентури”, Тайванийн аварга “Катай Лайф”, Монголын аварга “Улаанбаатар Амазонс”
- “В” хэсэг: Японы аварга “Фүжицү Рэд Вэйв”, Солонгосын “Бусан Сум”, Саудын Арабын “Аль Ула клуб”
Энэхүү оролцоо нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ шат эхэлж буйг харуулж байгаа бөгөөд дээд лигийн аварга багууд цаашид Азийн эмэгтэйчүүдийн лигт тоглох боломж бүрдэж байна.