3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээний энэ оны эцсийн шат БНХАУ-ын Шанхайд энэ сарын 13-14-нд болно. Улирал даяар цуглуулсан оноогоороо чансаа тогтоож, шилдэг найман баг шигшээд өрсөлддөг уламжлалын дагуу Монголын “Улаанбаатар Амазонс” баг эрхээ авлаа.
Манай баг нийт 320 оноо авч, чансаагаар зургаадугаарт бичигдэн шигшээд шалгарсан юм. Тэд улирлын турш 14 цуврал тэмцээний зургаад нь оролцож:
- 2 удаа хүрэл медаль хүртсэн,
- 1 удаа 4-р байр эзэлсэн,
- 3 тэмцээнд 7-р байрт орсон амжилтаар улирлаа өндөрлүүлжээ.
“Улаанбаатар Амазонс”-ын бүрэлдэхүүнд гавьяат тамирчид Б.Ариунцэцэг, О.Хулан, Н.Нандинхүсэл, шигшээ багийн тоглогчид М.Булбут, Б.Болор-Эрдэнэ болон АНУ-ын тамирчин Амари Робинсон нар багтдаг. Харин шигшээ цувралд оролцох эцсийн бүрэлдэхүүнийг багийн зүгээс хараахан зарлаагүй байна.
Шанхайд болох энэхүү тэмцээнд Монголын төлөөллөөс гадна Нидерланд, Канад, Румыний “Рапид Бухарест”, Испани, Латви, Азербайжан болон талбайн эзэн БНХАУ-ын “Шанхай Рэдуингс” багууд өрсөлдөхөөр болжээ.