Хотын дарга зогсоолын асуудлыг барилгын компанитай хамт шийдэхийг анхааруулав
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн хурцаар тавигдаж буй автомашины зогсоолын хомсдолын талаар байр сууриа илэрхийлэв. Түүний хэлснээр, том хотхон, шинэ хорооллуудад зогсоолын төлөвлөлт хангалтгүй байгаагаас болж оршин суугчид шөнийн цагаар болон өдрийн их хөдөлгөөнтэй үед замын нэгдүгээр эгнээнд машинаа удаан хугацаагаар байршуулж, замын хөдөлгөөний нягтарлыг нэмэгдүүлж байна. Содон хорооллын арын хэсгээр зургаан эгнээтэй шинэ авто зам ашиглалтад орсон ч тухайн хорооллын зогсоол хүрэлцээгүй хэвээр байгаагийн улмаас шинэхэн замын эхний эгнээг автомашин “агуулах” хэлбэрээр ашиглах байдал тогтмол болж байгааг тэр дурдав. Ийм нөхцөл байдлыг өөрчилөхийн тулд шинээр баригдаж буй хотхон, хорооллын төслүүдэд зогсоолын тоо, чанарыг зайлшгүй нэмж, хүний хэрэгцээг нэгдүгээрт тавих төлөвлөлт хийх ёстойг барилгын компаниудад санууллаа.
Хотын дарга энэ талаар ярихдаа дараах байр суурийг илэрхийлэв.
“Хотын хэмжээнд зогсоол нэмэх ажлыг эрчимжүүлнэ. Том хотхон, хорооллууд зогсоол хүрэлцээгүйн улмаас замын 1-р эгнээнд машинаа тавиад замын хөдөлгөөнд ачаалал нэмээд байна. Содон хорооллын араар 6 эгнээ шинэ зам тавьсан. Гэтэл тус хорооллын зогсоол хүрэлцээгүйн улмаас шинэ замын 1-р эгнээнд машинаа хучиж хонуулаад байна. Барилгын компаниуд ч гэсэн хотхон, хороолол барихдаа зогсоолоо хангалттай хэмжээнд төлөвлөж, хүнээ боддог баймаар байна” гэлээ.