Улаанбаатар хот 2026 онд 78.5 км шинэ дугуйн замтай болно

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор энэ онд багтаан 78.5 км урт дугуйн замыг шинээр барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 101.7 км дугуйн зам ашиглагдаж байгаа бөгөөд энэ онд хийгдэх бүтээн байгуулалт нь өмнөх нийт замын уртыг бараг 80 хувиар нэмэгдүүлэх томоохон алхам болох юм.

Дүүрэг тус бүрээрх төлөвлөлт

Шинээр баригдах дугуйн замуудыг нийслэлийн зургаан дүүрэгт стратегийн чухал байршлуудад хуваарилжээ. Энэ жилийн тухайд Баянзүрх болон Баянгол дүүргүүдэд хамгийн урт буюу нийт замын тал орчим хувьтай тэнцэх бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

2026 онд баригдах дугуйн замын дүүргүүдийн хуваарилалт:

  • Баянзүрх дүүрэг: 28.23 км
  • Баянгол дүүрэг: 18.74 км
  • Сүхбаатар дүүрэг: 15.17 км
  • Хан-Уул дүүрэг: 9.18 км
  • Чингэлтэй дүүрэг: 3.6 км
  • Сонгинохайрхан дүүрэг: 3.6 км

Алсын хараа: “20 минутын хот” ба 1677 км зам

Нийслэлээс дугуйн замын төлөвлөлтийг үе шаттай нэмэгдүүлж, 2026-2028 онд нийслэлийн зургаан дүүрэгт 253 км урт дугуйн зам шинээр барихаар ажиллаж байна. Улмаар 2040 он гэхэд нийт дугуйн замын уртыг 1677 км-т хүргэх амбицтай зорилт тавьжээ. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурлаж, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан дугуйн замыг барих юм. Энэхүү мега төлөвлөлт нь иргэн бүр гэрээсээ гараад 20 минутын дотор хэрэгцээт үйлчилгээ, ажил, сургуульдаа дугуйгаар болон явган хүний замаар аюулгүй хүрэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Хулан 1 сар 26, 2026 - 16:51

Дугуйн зам нэмэгдэнэ гэдэг маш сайн мэдээ

Reply
Аргун 1 сар 26, 2026 - 17:08

Чанартай хийвэл удаан ашиглагдах байх

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй