Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй гэрэлтүүлгийн шон шинэчлэгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
3000 гэрэлтүүлгийн шон засварласан

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” хэмээн зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн нөхцөл байдлыг сайжруулах ажлууд эрчимтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Хяналт шалгалтын газраас гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг 18 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөрчил арилгах үүрэг бүхий мэдэгдлийг хүргүүлжээ.

2025 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж орчмын гэрэлтүүлгийн байгууламжид хяналт хийсэн бөгөөд тухайн ажлын биелэлттэй танилцсан байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Энэ онд хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж, иргэдийн аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайд үүссэн зөрчлийг арилгах ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа. Үүнд хазайсан болон өнгө үзэмжээ алдсан шон, ил задгай цахилгааны кабель, гэмтсэн гэрэлтүүлгийн байгууламжууд багтаж байна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр мөн “Өнөөгийн байдлаар нийт 221 шонг тэгшилж, 670 шонг будаж сэргээн засварласан. Үүнээс гадна 3000 гаруй гэрэлтүүлгийн шонг шинэчилж, гэрэлтүүлгийн чанар, аюулгүй байдлыг сайжруулсан” хэмээн онцолсон юм.

Түүнчлэн ирэх өдрүүдэд гэрэлтүүлгийн шонгууд дээр байрлаж буй шилэн кабелийн зохион байгуулалтад хяналт тавьж, стандартад нийцүүлэн цэгцлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment