Улаанбаатар хотын олон жил яригдаж ирсэн метро төслийн бүтээн байгуулалт бодит ажил боллоо. Төслийн эхний шатны олон улсын нээлттэй тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлээд байна. Одоо хоёрдугаар шатны тендерийг бэлтгэж буйг Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн алба мэдээллээ. Энэ шатны шалгаруулалт нь анхны 27 оролцогчийн хүрээнд явагдана.
Нийт төсөвт өртөг нь 8.1 их наяд төгрөг буюу 2.4 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд энэхүү төсвийн 15 хувийг нийслэл өөрөө гаргаж, үлдсэн санхүүжилтийг олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдаас босгохоор төлөвлөж байна. Уг төсөл анх 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй байсныг шинэчилсэн ТЭЗҮ-ээр дахин тооцож, хоёр дахин нэмэгдүүлжээ.
Сонирхол татах нь, эхний шатанд оролцсон 27 компанийн дийлэнх нь БНХАУ болон Өмнөд Солонгосынх байна. Хятад улсын 11, Өмнөд Солонгосын 8, Монголын 3 компани оролцож буй бөгөөд үлдсэн нь Франц, Англи, Энэтхэг, ОХУ зэрэг улсын төлөөлөлтэй аж.
Төслийн хүрээнд баригдах метро нь Толгойт–Амгалан чиглэлд нийт 15 өртөөтэй, нэг депотой, 19.4 км урттай байхаар төлөвлөгдсөн. Цагт 17,200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон бөгөөд автозамын хөдөлгөөний ачааллыг 10%-иар бууруулж, нийтийн тээврийн дундаж хурдыг 18%-иар нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн автобусны 45 минутын маршрутыг метроор ердөө 15 минутын дотор туулах боломжтой болохоос гадна, өртөө орчмын эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлж, жижиг дунд бизнесүүдэд шууд дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
Одоогоор байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ерөнхий үнэлгээг олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор боловсруулж эхэлсэн бөгөөд төслийн санхүүжилт болон техник эдийн засгийн нарийвчилсан хэлэлцээ олон улсын түвшинд үргэлжилж байна.