1984 онд ашиглалтад орсон Дулааны IV цахилгаан станцаас хойш нийслэл Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний үндсэн эх үүсвэрт дорвитой нэмэлт хийгдээгүй. Үүний улмаас нийслэлд шинэ барилга байгууламж барихтай холбоотой эрчим хүчний хомсдол гүнзгийрч, тулгамдсан асуудал болоод байна.
Өнгөрсөн 20 жилийн турш яригдсан ч бодит ажил хэрэг болоогүй Дулааны V цахилгаан станц барих асуудал 2025 оны тавдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор эхлүүлэгдэж, урьдчилсан шалгаруулалт нээлттэй зарлагдсан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээллээ.
Шинэ станцын байршил, хүчин чадал
Шинэ дулааны станцыг Баянгол дүүргийн 20-р хороонд, II цахилгаан станцын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөжээ.
- Шалгаруулалт есдүгээр сард дуусах бөгөөд
- Гэрээг үзэглэснээс хойш 30 сарын дотор станцыг ашиглалтад оруулах юм.
Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор:
- 40 мянган айлыг дулаанаар
- 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэх бөгөөд
- Эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Хувийн хэвшлийн оролцоотой төсөл
Нийслэлийн ЗДТГ-аас уг төслийг “барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчийг хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулна:
- Урьдчилсан шалгаруулалт
- Уралдаант шалгаруулалт
Шалгаруулалтад оролцогч нь:
- Хүрэн нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц барьж байсан туршлагатай
- Сүүлийн таван жилийн дотор доод тал нь нэг удаа ийм төрлийн станц барьсан байх
- Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангах ёстой.
Тус шаардлагууд нь төслийн түншлэлд оролцож буй бүх гишүүнд хамаарах юм.
