Улаанбаатарт шөнийн амьдрал: Залуусын архидалт ба цагдаагийн эргүүл

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатарт шөнийн амьдрал: Залуусын архидалт ба цагдаагийн эргүүл

Улаанбаатар хотод шөнийн цагаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ) явган эргүүлийн тогтолцоог хэрэгжүүлдэг. Энэ удаа бид шөнийн эргүүлийн үйл ажиллагааг сурвалжилж, цагдаагийн алба хаагчдын ажлыг ойроос ажигласан юм.

Сурвалжлагын явцад НЦУГ-ын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр эргүүлийн алба хаагчдад заавар зөвлөгөө өгч, ажлыг нь удирдан чиглүүлж байв.

“Хүүхдийн 100” орчмын шөнийн эргүүл

Шөнийн 00:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3-р хороо буюу “Хүүхдийн 100” орчимд явган эргүүл хийж буй гурван алба хаагчтай уулзлаа. Энэ хавьд тээврийн хэрэгсэл, хөл хөдөлгөөн ихтэй, ялангуяа оюутнуудын хичээл эхэлсэнтэй холбоотойгоор залуусын идэвхтэй байдал нэмэгджээ. Эндхийн баар, цэнгээний газрууд олон тул согтууруулах ундаа хэрэглэсэн залуусын хөл хөдөлгөөн тод ажиглагдана.

Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Бадамсэдийн хэлснээр, явган эргүүл ажилласнаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдэгдэхүйц буурсан байна. Тэрээр: “Эндхийн гэмт хэргийн дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн хоорондын зөрчил, маргаанаас үүдэлтэй. Биднийг ирэхэд ямар ч дуудлага бүртгэгдээгүй байсан ч гудманд биеэ авч явах чадваргүй болсон 50 орчим насны эрэгтэйд тусламж үзүүлж, түргэний дуудлага өгсөн,” гэжээ.

III, IV хорооллын эргүүлийн нөхцөл байдал

Дараа нь бид III, IV хорооллын орчимд явган эргүүл хийж буй алба хаагчдад очлоо. Тэндхийн байдал идэвхтэй байв: “Хүмүүс зодолдож байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу алба хаагчид баарны гадна 30 орчим насны 7-8 залууг согтуугаар маргалдаж байхад нь очиж, зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж, асуудлыг хүндрүүлэхээс сэргийлжээ. Ийм төрлийн зөрчил оройн цагаар түгээмэл гардаг гэнэ.

Залуусын архидалт ба гэмт хэрэг

НЦУГ-ын мэдээлснээр, шөнийн цагаар гардаг гэмт хэргийн ихэнх нь танхайрал, иргэдийн эрхэд халдах, хулгай зэрэгтэй холбоотой бөгөөд эдгээр нь ихэвчлэн согтууруулах ундааны хэрэглээтэй холбогддог. Цагдаагийн дэслэгч Б.Батбаяр (Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэс): “Одоогоор өдөрт 15-23 дуудлага ирж байна, өмнө нь 25-30 байсан. Оройн цагаар баар, ресторантай холбоотой төлбөрийн маргаан, гадаа зодоонтой холбоотой дуудлага зонхилдог. Залуус архийг хэт их хэрэглэж байна,” гэжээ.

Тэрээр баарны хамгаалагч нар эргүүлийн алба хаагчидтай хамтран ажилладаг ч эргүүл явахгүй бол хөл хөдөлгөөн эмх замбараагүй болдог гэдгийг онцолсон.

Гэмт хэргийн гол шалтгаан: Согтууруулах ундаа

Цагдаагийн ахлах мөрдөгч М.Энхмаа (Баянгол дүүрэг): “Одоогоор хамгийн их бүртгэгдэж буй гэмт хэрэг бол биед халдах, санаатай хохирол учруулах явдал. Москвагийн их дэлгүүрийн орчим баар, караоке, лоунж олон тул шөнийн хөл хөдөлгөөн их. Согтуу хүмүүс баарнаас гарч, бие биетэйгээ мөргөлдөж, зөрчил, гэмт хэрэг үйлдэгч байна. Заримдаа цагдаагийн шаардлагыг эсэргүүцдэг, гэхдээ хууль ёсны шаардлага биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар шүүхэд шилжүүлнэ. Одоо хичээл эхэлсэн тул 21-35 насныхан согтуугаар гэмт хэрэгт холбогдох нь их байна,” гэжээ.

Явган эргүүлийн үүрэг

НЦУГ-ын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга Г.Ганбаяр: “Явган эргүүл бол урьдчилан сэргийлэх гол ажил. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийн газар танхайрлыг газар дээр нь таслан зогсоодог. Хэрвээ цагдаа байхгүй бол хот эзэнгүй мэт болчихна. Өмнө нь шөнийн эргүүлийн тусгай хэлтэс байсан бөгөөд эрэн сурвалжлагдаж буй, гэрээсээ дайжсан хүмүүсийг ч илрүүлж байсан,” гэжээ.

Улаанбаатар хотод 3000-4000 орчим баар, цэнгээний газар бий. Цагдаагийн эргүүл байхгүй бол гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс баарны зөвшөөрөл, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй эсэх, камерын хяналтын байдлыг шалгах зэрэг нь цагдаагийн үндсэн үүрэгт багтдаг гэж Г.Ганбаяр онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй