Улаанбаатарт үерийн дараа өргөн хүрээтэй цэвэрлэгээ, ариутгал зохион байгууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатарт үерийн дараа өргөн хүрээтэй цэвэрлэгээ, ариутгал зохион байгууллаа


Наймдугаар сарын 21-ний 08:00 цагаас 22-ны 06:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд үер, усны холбогдолтой нийт 192 дуудлага бүртгэгдэж, мэргэжлийн алба хаагчид нийлээд 8560 тонн усыг соруулан хэвийн байдалд оруулжээ.

Энэ хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газар болон гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 766 алба хаагч 106 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэсэн байна.

Өчигдрийн хүчтэй аадар борооны улмаас:

  • Зам, талбай болон гуу жалгаар уулын ус буусан
  • Ус зайлуулах шугам бөглөрсөн
  • Лаг шавар ихээр хуримтлагдсан

Эдгээр хүндрэлтэй нөхцөлийг арилгах зорилгоор наймдугаар сарын 21-ний 22:00 цагаас эхлэн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргийн Онцгой комиссын баг хамтран ажиллаж, 555 ажилтан, 66 техник хүчээр нийт 43 байршилд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 11 байршилд ариутгал, халдваргүйтгэл хийгдэв. Энэ ажлыг тусгай зөвшөөрөл бүхий 10 аж ахуйн нэгж болон дүүргийн мэргэжлийн байгууллагын 55 ажилтан, 11 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж, нийтдээ 355 мянган ам метр талбайг хамруулсан талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй