Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний үдэш 21:00 цагаас Сүхбаатарын талбайд шинэ жилийн баярын нэгдсэн цэнгүүн эхэлнэ. Энэ жилийн тоглолт Монголын урлагийн домгууд болон орчин үеийн шилдэг хамтлагуудыг нэгэн дор цуглуулж буйгаараа онцлог бөгөөд иргэд та бүхнийг баярын уур амьсгалд хөтлөхөд бэлэн болоод байна.
Урлагийн тоглолт ба Хүндэт зочид
Цэнгүүний тайзнаа МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа тэргүүтэй алдартнууд болон дэлхийд танигдсан “The Hu”, “Lemons”, Реппер Ginjin зэрэг хамтлаг, дуучид ая дуугаа өргөнө. Урлагийн үзүүлбэрээс гадна 2025 онд дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн дараах баатрууд баярын зочноор оролцох юм:
- 2025 оны 3×3 Дэлхийн аваргын мөнгөн медальт эмэгтэй шигшээ баг болон Ой тогтоолтын их мастерууд болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар оюун ухаан, ур чадварын гайхамшгийг баярын талбайд цугласан олонтой хуваалцана.
- Netflix-ийн “Physical Asia” шоунд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон МУГТ Б.Энх-Оргил, жүдоч А.Адъяасүрэн болон олон улсын «Silkway star» тэмцээний ялагч И.Мишээл нар оролцож үзэгчиддээ мэндчилгээ дэвшүүлнэ.
Нийтийн тээвэр ба зохион байгуулалт
Баярын арга хэмжээ шөнийн 00:30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн зүгээс иргэдийг аюулгүй, тухтай харихад нь зориулан нийтийн тээврийн тусгай зохицуулалт хийжээ. Тодруулбал, тоглолт дууссаны дараа төв талбайгаас нийт 18 чиглэлд нийтийн тээврийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Төв талбайд баяраа тэмдэглэх иргэд та бүхнийг дулаан хувцаслаж, аюулгүй байдлаа ханган шинэ оноо баяр хөөртэй угтахыг хүсэж байна.