Table of Contents
Хоёр шугамтай, хос замын шийдлээр босоо тэнхлэг дагана
“Улаанбаатар трамвай” төслийг хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугамтай, хос замын зохион байгуулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, нэгдүгээр шугам нь зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх аж. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урттай, 23 зогсоолтойгоор хэрэгжихээр тусгажээ.
2040 оны түвшинд хугацааны зардлыг өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулна
Төслийн эдийн засгийн үр ашгийг 2040 оны түвшинд тооцоход замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэрээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах боломжтой гэж мэдээлсэн байна.
5 минут тутам явж, 29–37 минутын зорчилттой байх тооцоо гарчээ
“Улаанбаатар трамвай төсөл”-ийг хэрэгжүүлснээр автобус богино эргэлтэд орж, иргэдэд илүү шуурхай үйлчлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ авто машины дундаж хурд нэмэгдэнэ гэж НЗДТГ-аас дурдав. Трамвайг таван минут тутам явуулах зохион байгуулалттай бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут, харин Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчихоор төлөвлөжээ.
Мөн хотын төвийн авто замын ачааллыг бодитой бууруулах, өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэх, нийтийн тээврийн найдвартай тогтвортой сүлжээ бий болгох ач холбогдолтой гэж үзэж байна. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэхээр байна.