Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13,546-д хүрч, 11 хүн нас баржээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт улс даяар эхэллээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) хамгийн сүүлийн мэдээллээр, 2025 оны аравдугаар сарын 29-ний байдлаар улаанбурхан өвчний нийт 13,546 тохиолдол бүртгэгдээд байна.

Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 9 хүн байгаа бөгөөд тэдний бүгд дунд зэргийн хүндрэлийн зэрэгтэй байгаа аж. Хөнгөн хэлбэрийн өвчтөн бүртгэгдээгүй байна.

Нийт өвчлөгсдийн дунд эдгэрсэн хүмүүсийн тоо 13,546, харин нас барсан хүний тоо 11 болжээ. Мөн улаанбурхантай хавьтал болсон нийт хүн ам 96,794-т хүрээд байна.

Насны бүлгээр өвчлөл

ХӨСҮТ-ийн мэдээлснээр өвчлөл 10–14 насны хүүхдүүдийн дунд хамгийн өндөр түвшинд байна.

  • 10–14 нас: 5,074 тохиолдол
  • 0–4 нас: 3,111 тохиолдол
  • 5–9 нас: 1,738 тохиолдол
  • 15–19 нас: 1,695 тохиолдол

Эдгээр үзүүлэлтээс харахад бага, өсвөр насныхны дунд улаанбурхан өвчний тархалт хамгийн идэвхтэй байна.

Вакцинаар сэргийлэх боломжтой өвчин

Улаанбурхан нь амьсгалын замаар халдварладаг өндөр халдвартай өвчин боловч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Иргэд дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриаллаа:

  • Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан эсэхээ өрхийн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвдөө шалгуулах
  • Вакцинд хамрагдаагүй бол яаралтай нэмэлт тун хийлгэж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах
  • Хүүхдийг дархлаажуулалтын цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх

Эрүүл мэндийн байгууллагууд улаанбурхан өвчний тархалтыг хязгаарлах, хяналтыг чангатгах, вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй