Home Эрүүл мэнд Улаанбурхан өвчний тохиолдол 50 гаруй сургуульд бүртгэгдэж, тархалт нэмэгдэж байна

Улаанбурхан өвчний тохиолдол 50 гаруй сургуульд бүртгэгдэж, тархалт нэмэгдэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
улаанбурхан

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1,550 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 67.6 хувь буюу 1,048 нь эдгэрч, хяналтаас гарсан байна. Сүүлийн 24 цагт л гэхэд 63 шинэ тохиолдол нэмэгдсэн бөгөөд нийслэл болон 10 аймагт илэрсэн байна.

Халдвартын клиникийн тасагт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол хамгийн олон тохиолдол буюу 1,098 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Насны ангиллаар авч үзвэл, улаанбурхан өвчлөлийн 43.7 хувь нь 10–14 насныхны дунд бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж буй үзүүлэлт юм.

Хүүхдийн вакцинжуулалт хангалтгүй байгааг анхааруулав

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагийн мэдээлснээр, 10–14 насны хүүхдүүдийн дийлэнх нь улаанбурхан өвчний эсрэг хоёр тун вакцинд бүрэн хамрагдаагүй, зарим нь нэг тунг л авсан байдаг. Уг өвчин нь халдварлалт маш өндөртэй бөгөөд нэг өвчтэй хүн 10 хавьтлаас есийг нь халдварлуулах эрсдэлтэй гэдгийг онцолжээ.

ХӨСҮТ, Боловсролын Ерөнхий газар, ЭМЯ болон холбогдох байгууллагууд хамтран улаанбурхан өвчин бүртгэгдсэн 50 гаруй сургуульд зөвлөмж хүргүүлж, эрсдэлийн үнэлгээ хийж, голомтлон гарсан байгууллагуудад хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.

Вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой

Улаанбурхан өвчин нь вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин бөгөөд хүүхдийг 9 сартай, 2 настайд нь хоёр тунгаар бүрэн хамруулах шаардлагатай. Хэрвээ хүүхэд бүрэн тунд хамрагдсан бол өвчлөлөөс сэргийлэх үр дүн 95 хувь байдаг гэж үздэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ вакцины бүртгэлийг ягаан дэвтрээр болон E-Mongolia систем, мөн харьяа өрхийн эмнэлэгт очиж шалгах боломжтой.

Одоогоор 21 аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргийн 190 гаруй өрхийн эмнэлгүүдэд өдөр бүр улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт явагдаж байна.

12,000 гаруй хавьтлыг хяналтад авсан

Нийт 1,550 тохиолдол бүртгэгдсэнээс гадна 12,000 гаруй ойрын хавьтлыг нууц үеийн хугацаанд хяналтад авч, шаардлагатай арга хэмжээг авч байгаа талаар мэдээлэв. Улаанбурхан өвчтэй хүнтэй хавьтсан тохиолдолд 72 цагийн дотор вакцинд хамрагдах нь халдвараас сэргийлэх гол арга гэдгийг сануулж байна.

Хамгийн халдвартай үе — тууралт гарсан өдрийн өмнөх ба дараах 4 хоног

Улаанбурхан өвчний шинж тэмдгүүдэд халуурах, хамар нус гоожих, нүд улайх, толбот гүвдрүүт тууралт үүсэх зэрэг хамаардаг. Хамгийн их халдвартай үе нь тууралт гарсан өдрөөс өмнөх 4 хоног, дараах 4 хоногт тохиодог учир шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг ХӨСҮТ-ийн Н.Сувдмаа анхаарууллаа.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.