ХӨСҮТ-өөс өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний нийт 6836 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд үүнээс 589 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 83 нь хөнгөн, 469 нь дунд, 35 нь хүнд, хоёр нь нэн хүнд байдалтай байгаа юм. Мөн 985 хүн гэрээр эмчлүүлж, 5257 хүн бүрэн эдгэрээд байна. Нас баралт тав болж, халдварын хавьталд орсон хүний тоо 36,307 хүрээд байна.
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Өвчний тохиолдол ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон бүртгэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүд болон тэдэнтэй ойр байдаг насанд хүрэгчдийг улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.
Халдварын тархалтыг хязгаарлахын тулд иргэн бүр хариуцлагатай байж, өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд дархлаажуулалтад идэвхтэй оролцох шаардлагатай. Улаанбурхан өвчний тархалт үргэлжилсээр буй энэ үед эрүүл мэндийн байгууллагуудын сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагах нь онцгой чухал байна.