Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Монгол Улсад улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ жил ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу А хүрээний хоёр, B хүрээний хоёр хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцин ашиглаж, есдүгээр сарын 15-наас эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ.

Дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах бүлэг:

  • 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • 65-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй иргэд
  • Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар

Томуугийн нөхцөл байдал

  • Манай улсад жил бүр дунджаар 630-700 мянган хүн томуугаар өвчилдөг.
  • 45-47 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг.
  • Жилд дунджаар 40-50 хүн нас бардаг.
  • Сүүлийн гурван жилд улирлын томуу хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгджээ.
  • Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин өсөж, эмч, мэргэжилтний хүрэлцээ дутагддаг.

Хүүхдийн байгууллагад хийсэн тандалтаар хичээлээс өвчний улмаас чөлөөлөгдсөн хүүхдийн 60 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байжээ.

Эрүүл мэндийн салбарын 2024 оны статистикаар:

  • Амьсгалын замын өвчин нь 0–1 насны хүүхдийн эндэгдлийн хоёрдугаарт,
  • 1–4 насны хүүхдийн эндэгдлийн нэгдүгээр шалтгаан болсон.
  • 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын 20 хувийг бүрдүүлсэн бөгөөд таван хүүхэд тутмын нэг нь хатгалгааны хүндрэлээр нас барсан байна.

Эрүүл мэндийн сайдын байр суурь

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ:
“Ирэх арваннэгдүгээр сар гэхэд өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгийн коридор дүүрч, өвчлөлийн эндэгдэл бий болох эрсдэл бий. Томуугийн дархлаажуулалт хийх гол цэг бол өрхийн эрүүл мэндийн төвүүд юм… Ирэх арваннэгдүгээр сард томуугийн өвчлөл, Улаанбурхантай хавсран хүндрэл үүсгэж болзошгүй байна. Тиймээс бид цаашид томуугийн улирлаар нэг ч хүүхдийг томуу, томуу төст өвчнөөр алдахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай” хэмээн онцоллоо.

Тэрээр мөн Улаанбурхан өвчний тохиолдлыг бууруулахад гарсан амжилтыг дурьдаж, эмч, эмнэлгийн ажилтнууд болон эцэг эхчүүдийн зүтгэлд талархал илэрхийлэв.

Дархлаажуулалтын ач холбогдол

  • Дархлаажуулалт хийснээр халдвар авах магадлал буурна.
  • Халдвар авсан ч хүндрэх эрсдэл мэдэгдэхүйц багасна.
  • Эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдлыг эрс багасгах чухал ач холбогдолтой.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан-Урт” ӨЭМТ-д улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн арга хэмжээ болж өнгөрлөө. Эрүүл мэндийн байгууллагууд нийт иргэдийг, ялангуяа эрсдэлт бүлгийнхнийг вакциндаа идэвхтэй хамрагдаж, гэр бүл, хүүхдүүд, ахмадуудыгаа томуугийн өвчнөөс хамгаалахыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй