Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Газар Шим Үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Цээпэлийн Ганбат-д “Гавьяат эдийн засагч” цол хүртээлээ.
Энэхүү өндөр шагнал нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг үнэлсэн томоохон хүндэтгэл юм.
Ц.Ганбат нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн дээд сургуульд суралцаж, эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийнхээ хүрээнд дараах туршлагыг хуримтлуулжээ. Тэрээр 1992-1995 онд “АЗ” ББХК-ийн захирал, 1995-1996 онд НИК ХК-ийн Зах зээл, борлуулалтын газрын дарга, 1996-1999 онд “Глобал Инвест” ХХК-ийн дэд захирлаар ажилласан. Харин 1999 онд “ГБТ Трейдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Түүний удирдлага дор “Газар Шим” үйлдвэр ХК нь дотоодын хүнсний салбарт томоохон байр суурь эзэлж, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үндэсний брэнд болон хөгжжээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлоготой нийцсэн үйл ажиллагаа явуулж, салбарын хөгжлийг олон жил тууштай манлайлан авч явж ирсэн нь түүнийг гавьяат цолоор шагнагдахад гол хүчин зүйл болжээ.
Ц.Ганбат нь зөвхөн бизнес эрхлэгч биш, харин нийгмийн хариуцлагаа ухамсарласан, эдийн засгийн бодит өсөлтөд хувь нэмэр оруулж буй манлайлагч юм.