Ургац хураалтад оюутан, цэрэг болон иргэдийг дайчлахаар боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ургац хураалтад оюутан, цэрэг болон иргэдийг дайчлахаар боллоо

2025 оны наймдугаар сарын 20. Ургацыг цаг хугацаанд нь бүрэн хураахын тулд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагч болон иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулахаар боллоо.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар энэ ажлыг зохион байгуулах чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХ-ийн сайд Т.Аубакир, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгчээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт ургацыг технологийн хугацаанд үр дүнтэй хураах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тариаланчдад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг даалгав.

Энэ онд улсын хэмжээнд нийт 577.5 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнд:

  • 312.8 мянган га-д үр тариа (272.8 мянган га улаанбуудай),
  • 12.9 мянган га-д төмс,
  • 15.9 мянган га-д хүнсний ногоо,
  • 87.2 мянган га-д малын тэжээл,
  • 148.5 мянган га-д тосны ургамал.

Харин өнгөрсөн онтой харьцуулахад тариалалтын талбай 60.7 мянган га-гаар, буюу 10.5 хувиар буурчээ.

Урьдчилсан балансаар:

  • 276.4 мянган тонн үр тариа (255.5 мянган тонн улаанбуудай),
  • 88.3 мянган тонн төмс,
  • 164.1 мянган тонн хүнсний ногоо,
  • 40.7 мянган тонн тосны ургамал,
  • 100.5 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна.

Энэ нь дотоодын хэрэгцээний:

  • улаанбуудайн 64 хувь,
  • төмсний 72.8 хувь,
  • хүнсний ногооны 62.5 хувийг хангах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй