Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Наранбулаг сумын нутагт өнөөдөр 4.2 болон 5.3 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт бүртгэгдлээ.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр:
- Эхний газар хөдлөлт нь 10:22 цагт 5.3 магнитудын хүчтэй болж, голомт нь Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км, Малчин сумаас баруун зүгт 42 км, Тариалан сумаас зүүн урд зүгт 68 км-т төвлөрчээ.
- Хоёр дахь газар хөдлөлт нь 11:00 цагт 4.2 магнитудын хүчтэй бүртгэгдсэн бөгөөд голомт нь мөн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км, Малчин сумаас баруун урд зүгт 42 км, Тариалан сумаас зүүн зүгт 66 км-ийн зайд байв.
Үүнээс өмнө, өчигдөр 17:57 цагт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүний голомт нь Бугат сумын төвөөс хойш 26 км, Төгрөг сумаас баруун тийш 38 км, Тонхил сумаас зүүн урд зүгт 66 км-т байжээ.
Газар хөдлөлтийн хэмжүүрийн тухай
Газар хөдлөлтийн хүчийг хоёр янзаар хэмждэг:
- Магнитуд нь газрын хөрсөн доорх чичирхийллийн төв хэсгийг илэрхийлдэг.
- Баллын шаталбар нь газрын дээрх нөлөөлөл буюу хүний мэдрэмж, барилга байгууламжид үзүүлэх нөлөөг тодорхойлдог.
Шаталбар нь 12 хүртэл байдаг:
- 1–3 балл – Чичирхийлэл үл ялиг мэдрэгдэж, тавиурын эд зүйлс бага зэрэг хөдөлнө.
- 4–5 балл – Хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл чичирч, аяга таваг унах тохиолдол гарна.
- 6–7 балл – Хүн тогтох боломжгүй болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, шил хагарч, тавилга байрнаасаа хөдөлнө.
Ингэснээр Увс болон Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт богино хугацаанд дараалан дунд зэргийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж, тус бүс нутгийн газар хөдлөлтийн идэвх өндөр хэвээр байгааг харуулж байна.