“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болохоор ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд тус эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг орон нутагтаа хоёр дахь удаагаа амжилттай гүйцэтгэлээ.
Мэс засалд хамрагдсан өвчтөнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахад ходоодны амсар хэсэгт байрлах том хэмжээний хорт хавдартай болох нь оношлогдсон байна. Үүний дагуу ходоодыг бүрэн тайрах, улаан хоолойг нарийн гэдэстэй холбох мэс заслыг тус эмнэлгийн баг амжилттай хийжээ.
Энэхүү амжилт нь орон нутагт хүнд хэлбэрийн мэс заслыг бие даан хийх чадавхи дээшилж, иргэд заавал нийслэл хот руу явахгүйгээр орон нутагтаа чанартай тусламж үйлчилгээ авах боломжтой болсныг харуулж байна.