Вейпинг уушги, амны хөндийн хорт хавдарт хүргэж болзошгүй — судалгаа

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Вейпінг

Судлаачид вейпинг нь уушги болон амны хөндийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байж болзошгүйг тогтоожээ. Тиймээс эрсдэлийн түвшинг эцэслэн тогтоох хүртэл хэдэн арван жил хүлээлгүй, холбогдох байгууллагууд одооноос арга хэмжээ авах ёстой гэж тэд уриалсан байна.

Сидней дахь Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн хавдар судлаачид 2017-2025 онд нийтлэгдсэн амьтанд хийсэн туршилтын тайлан, хүний өвчлөлийн тохиолдлын мэдээлэл, лабораторийн судалгаануудыг нэгтгэн шинжилжээ. Ингэснээр никотинтой электрон тамхи хорт хавдар үүсгэж болох эсэх талаар өнөөг хүртэл хийгдсэн хамгийн нарийвчилсан дүн шинжилгээг хийсэн байна.

Хорт хавдар үүсэх эрсдэлтэй нягт холбоотой бие махбодын эрт үеийн шинж тэмдгүүд байдаг бөгөөд үүнд ДНХ-ийн гэмтэл, үрэвсэл зэрэг ордог гэж судалгааны хамтран зохиогч, адьюнкт профессор Бернард Стюарт тайлбарлажээ. Carcinogenesis сэтгүүлд нийтлэгдсэн тайланд вейпинг нь ийм төрлийн хавдрын өмнөх өөрчлөлтүүдтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

“Электрон тамхины уурыг амьсгалснаар амны хөндий болон уушгины эс, эдүүд өөрчлөгдөж байгаад эргэлзэх зүйлгүй” гэж Стюарт хэлжээ.

Орчин үеийн электрон тамхи 2000-аад оны эхээр л бий болсон учраас электрон тамхи хэрэглээд хорт хавдраар өвчилсөн олон хүнийг хамарсан хангалттай хэмжээний мэдээлэл одоогоор байхгүй. Тиймээс эрсдэлийн түвшинг эцэслэн тогтоох боломж хязгаарлагдмал хэвээр байна.

Мөн олон хүн электрон тамхитай зэрэгцэн энгийн тамхи татдаг тул вейпингийн нөлөөг тамхины нөлөөнөөс тусгаарлан үнэлэхэд хүндрэл учирдаг байна.

Ийм шалтгаанаар уг судалгаанд электрон тамхины хэрэглээнээс шалтгаалан хэдэн хүн хорт хавдраар өвдөж болохыг тооцоогүй. Харин үүний оронд хорт хавдарт хүргэдэг биологийн өөрчлөлтүүдийг үүсгэж байна уу гэдгийг нь үнэлжээ.

Судалгааны тоймд зөвхөн электрон тамхи хэрэглэдэг, өмнө нь огт тамхи татаж байгаагүй хүмүүст амны хөндийн хорт хавдар илэрсэн талаар шүдний эмч нарын мэдээллүүдийг ч багтаасан байна.

Мөн амьтанд хийсэн судалгаануудыг авч үзсэн бөгөөд Стюарт нэгэн судалгааг жишээ татан, электрон тамхины уурт өртсөн хулгануудад ийм нөлөөнд өртөөгүй хулгануудаас илүү олон удаа уушгины хавдар үүссэн гэж хэлжээ. Гэхдээ ийм үр дүнг шууд хүний биед яг адилхан хамааруулж болохгүйг мөн тэмдэглэсэн байна.

“Эдгээр бүх мэдээлэлд үндэслээд бид электрон тамхи нь уушги болон амны хөндийн хорт хавдар үүсгэж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ энэ аюулын хэмжээ яг хэр их байхыг одоогоор хэлж чадахгүй” гэж тэр хэлсэн байна.

Судалгааны тэргүүлэх зохиогч, тархвар судлаач, дэд профессор Фредди Ситас АНУ-ын Ерөнхий мэс засалч 1964 онд тамхидалт уушгины хорт хавдрын шалтгаан гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөх хүртэл бүтэн 100 жилийн турш нотолгоо аажмаар хуримтлагдсан гэдгийг онцолжээ.

Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн судлаач Келвин Кохран ийм дүгнэлтэд хүрэхийн тулд бараг 8000 судалгааг шинжилсэн бөгөөд үүнээс өмнө илэрч байсан түгшүүртэй шинж тэмдгүүдийг эмч нар хүртэл үл ойшоох, эсвэл үгүйсгэх тохиолдол байсныг дурдсан байна.

“Хэрэв бид шинэ судалгаанууд болон анхааруулах дохиог нухацтай авч үзэхгүй бол вейпингийн хувьд яг ижил замаар орох эрсдэлтэй. Ийм төрлийн судалгаа бүрийг бодлого боловсруулагчид, засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд маш нухацтай авч үзэх ёстой. Бид вейпинг тодорхой төрлийн хорт хавдар үүсгэдэг гэдгийг бүрэн итгэлтэйгээр хэлэх мөч ойрын хугацаанд ирэхгүй байх магадлалтай. Үүнд олон жил, магадгүй хэдэн арван жил шаардлагатай” гэж Кохран хэлжээ.

Ситасын хэлснээр, өмнө нь тамхины эрсдэлийг хэт болгоомжтой авч үздэг байсан бол одоо түүний хавдар үүсгэгч чанарын талаар хангалттай хүчтэй нотолгоо бий болсон. Ийм алдааг вейпингийн хувьд давтаж болохгүй гэж тэр үзэж байна.

“Бид электрон тамхийг энгийн тамхинаас аюул багатай гэж үргэлж бодож ирсэн. Гэхдээ бидний гаргаж буй дүгнэлтээр тэд тийм ч аюулгүй биш байж магадгүй байна. Хүмүүсийг электрон тамхинаас гаргах найдвартай арга одоогоор алга. Харин тамхины хувьд никотинтай бохь, төрөл бүрийн эм зэрэг татахаа болиход туслах аргууд бий. Харин хүмүүс вейпингээс гарч чаддаг гэх нотолгоо маш сул хэвээр байна” гэж тэр хэлжээ.

Түүний үзэж буйгаар зохицуулах байгууллагууд хүмүүсийг, ялангуяа хүүхдүүдийг энэ эрсдэлээс хамгаалахын тулд арга хэмжээ авах шаардлагатай байна.

“Зохицуулагчид нотолгооны бүрэн хүрээг харах нь чухал. Энэ бол тамхины өөр хувилбар биш. Аюулгүй байдлын хувьд өөр юуг ч орлох зүйл биш. Энэ өөрөө аюултай, гол санаа нь ердөө энэ” гэж тэр хэлсэн байна.

Лондонгийн Хатан Мэригийн их сургуулийн профессор Стивен Даффи харин эдгээр үр дүнд тулгуурлан вейпингийг тамхитай адил хэмжээнд хортой гэж шууд дүгнэх нь “хэтрүүлсэн тайлбар” болно гэжээ. Учир нь “вейпингийн үед шаталтын бүтээгдэхүүнд өртөхгүй, харин тамхидалтын үед ийм бүтээгдэхүүнүүд бий болдог бөгөөд тэдгээр нь илэрхий хавдар үүсгэгч нөлөөтэй” гэж тэр тайлбарласан байна.

Гэсэн ч Стюарт вейпингийн эрсдэлийг ихэвчлэн тамхитай харьцуулж үнэлдэгийг дурдаад, вейп өөрөө дангаараа хорт хавдар үүсгэж чадах эсэхийг үнэлэх нь чухал гэдгийг онцолжээ.

Сиднейн их сургуулийн тамхины хяналтын судлаач профессор Бекки Фриман “Энэ судалгаа электрон тамхи хэрэглэдэг хүмүүс хэзээ ч хэрэглэж байгаагүй хүмүүстэй харьцуулахад хорт хавдрын эрсдэл өндөр байх магадлалтайг анх удаа ингэж тодорхой хэлж байна. Энэ мэдээлэл өмнө нь хэзээ ч тамхи татаж үзээгүй залуусын хувьд онцгой чухал” гэж хэлжээ.

“Тамхи татдаггүй хүмүүсийн хувьд вейпинг нь тамхины аюулгүй хувилбар биш. Энэхүү судалгааны үр дүн электрон тамхины хүртээмжийг зөвхөн тамхинаас гарах зорилгоор хэрэглэж буй хүмүүст эмийн сангаар хязгаарласан Австралийн хуулиуд зөв чиглэлтэйг баталж байна. Залуусыг электрон тамхинд хүрэхээс хамгаалах, нөгөө талаас тамхинаас гарахдаа үүнийг ашиглаж буй хүмүүст хатуу зохицуулалттай суваг нээлттэй байлгах нь зөв тэнцвэр юм” гэж тэр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Хатай 4 сар 1, 2026 - 03:11

Залуус анхаарах хэрэгтэй шүү

Reply
Элбег 4 сар 1, 2026 - 03:20

Эрүүл мэнд хамгийн чухал, ийм зүйлээс хол байх нь дээр

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй