Дуучин ThunderZ буюу Б.Өлзий-Учрал “Монгол” нэртэй шинэ уран бүтээлээ олны хүртээл болголоо. Тэрээр энэ дуугаараа XI–XII зууны үед монголчууд гаднынхны нүдэнд хэр зэрэг хүчирхэг, сүр жавхлантай харагдаж байсан тухай төсөөллийг орчин цагийн хэлээр илэрхийлэхийг зорьсон гэдгээ онцолсон байна.
Дуу, клипний санаанд түүхэн өгүүлэмжийг өнөөгийн хүч чадлын бэлгэдэлтэй сүлж, домог зүйн өнгө аясыг шингээжээ. Тодруулбал Хабул хаан хүү Охинбархагт “эрэлхэг, ухаалаг эрсийг” ялган өгсөн тухай домгийг шууд өгүүлбэрээр бус, бэлгэдлийн дүрслэлээр тайлбарласан нь бүтээлийн гол шугам болсон байна.
ВИДЕО:
Шинэ клипний хамгийн онцгой хэсэг нь Монголын тулааны спорт, үндэсний бөхийн төлөөлөл болсон олон тамирчныг нэг дор оролцуулсан явдал байв. Гол дүрүүдийг олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргасан тулаанчид, спортын одод бүтээж, хүч чадал, тэсвэр хатуужлыг зураглал, хөдөлгөөнөөр илэрхийлжээ.
Гол дүрд оролцсон тамирчид:
- Physical Asia шоуны оролцогч, ONE Championship Bantamweight MMA дэлхийн аварга Б.Энх-Оргил
- Дэлхийн цомын аварга, циркчин Э.Лхагва-Очир
- Жүдо бөхийн ОУХМ А.Адьяасүрэн
- Монголын анхны UFC тулаанч, Karate Combat тулаанч, MGL-1 кикбоксын аварга, MGL-1 MMA хөнгөн жингийн аварга Д.Батгэрэл
- Холимог тулааны тамирчин, GLADIATOR аварга (Япон), MGL-1 аварга Т.Нямжаргал
- Аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ
Туслах дүрүүдэд үндэсний бөхийн нэртэй бөхчүүд болон бусад тулааны спортын тамирчид өргөнөөр оролцжээ. Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Д.Хүдэрбулга, улсын заан С.Сүхбат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин ОУХМ Л.Отгонбаатар зэрэг бөхчүүдийн зэрэгцээ аймаг, сумын цолтой бөхчүүд мөн клипний дүр төрхийг бүрдүүлсэн байна.
Түүнчлэн аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Бямбасүрэн, аймгийн арслан С.Ерөөлт, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан П.Хүрэлбаатар, аймгийн начин О.Намнанжанцан, сумын заан бөгөөд бодибилдингийн тамирчин (Монголын мистер) А.Батнасан нарын оролцоо клипний тулаанч шинж, хүчний бэлгэдлийг улам тодотгожээ.