Women’s EURO 2025: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо!

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Women’s EURO 2025: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо!

Швейцарьт 2025 оны долдугаар сарын 2-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн (UEFA Women’s EURO 2025) шөвгийн наймын тоглоомоороо сэтгэл догдлуулж байна. Тэмцээнд оролцсон 16 багаас 2017 оны Европын аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Нидерландыг эс тооцвол шилдэг багууд саадгүй шөвгөрчээ.

Шөвгийн наймын тоглоомууд

Швед — Англи: 2:2 (торгуулийн цохилтоор 2:3)

Скандинавын хойгийн Шведын эмэгтэйчүүдийн баг нь ДАШТ-ий нэг мөнгө, таван хүрэл, Олимпийн хошой хүрэл, Европын аварга шалгаруулах тэмцээний алт (1984), гурван мөнгө, нэг хүрэл медальтай нэр хүндтэй баг юм. Харин Английн баг сүүлийн жилүүдэд тогтмол дээгүүр амжилт үзүүлж, 2022 оны Еврод түрүүлж, 2023 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн, мөн ДАШТ-ий хүрэл, Еврогийн хошой мөнгөтэй баг юм.

Эдгээр хоёр хүчирхэг багийн тоглоом гайхалтай өрсөлдөөнтэй боллоо. Шведын баг тоглоомыг амжилттай эхлүүлж, хоёр дахь минутад эхний гоолыг оруулсан. 25 дахь минутад хоёр дахь гоолоо хийж, 2:0-ийн харьцаагаар тэргүүлсэн. Шведчүүд гоолын хэд хэдэн боломж гаргасан ч Английн баг тоглоомын сүүлийн 10 минутад хоёр гоол хийж, тэнцүүлсэн. Нэмэлт цагт тоо өөрчлөгдсөнгүй, тоглоом торгуулийн цохилтоор шийдэгдлээ.

  • Торгуулийн цохилтын онцлох мөчүүд:
    • Нийт 14 цохилтоос Швед тавыг, Англи дөрвийг алдсан.
    • Шведын хаалгач Фалк дөрвөн цохилтыг хаасан ч өөрийн шийдвэрлэх цохилтоо алдсан.
    • Английн хамгаалагч Люси Бронзын цохилт ялалтыг авчирсан.

“Энэ бол миний үзсэн хамгийн хүнд тоглоомуудын нэг байлаа. Сэтгэл хөдлөл ихтэй, бид дөрвөөс таван удаа хожигдох аюултай байсан” гэж Английн дасгалжуулагч Сарина Вигман хэлсэн байна.

Норвеги — Итали: 1:2

Норвегийн эмэгтэйчүүдийн баг Олимпийн алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Еврогийн хошой алт, дөрвөн мөнгөн медальтай ч сүүлийн 10 гаруй жил том тэмцээнээс медаль хүртээгүй. Харин Италийн баг Еврогийн хоёр мөнгө, нэг хүрэл медальтай бөгөөд 1997 оноос хойш финалд шалгарч байгаагүй.

Тоглоомын эхний хагаст Италийн баг илүүрхэж, хэд хэдэн боломж гаргасан ч гоол болж чадаагүй. Хоёрдугаар хагасын 50 дахь минутад багийн ахлагч Кристиана Жирелли тоглоомын анхны гоолыг оруулсан. Норвегийн ахлагч Ада Хегерберг торгуулийн цохилтыг алдсан ч 66 дахь минутад тоог тэнцүүлсэн. Гэсэн хэдий ч Жирелли тоглоомын сүүлийн минутад хөндлөн дамжуулалтыг мөргөж, ялалтын гоолыг оруулсан.

“Бидний багийн хувьд энэ бол түүхэн мөч. 28 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа” гэж Италийн ахлагч Кристиана Жирелли хэлсэн байна.

Испани — Швейцарь: 2:0

Швейцарь нь шөвгийн наймд хүрсэн хамгийн сул баг бөгөөд ДАШТ-д хоёр, Еврод гурван удаа оролцсон туршлагатай. Энэ жил тэд гэрийн талбайдаа тоглож, түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгарсан. Харин Испани 2023 оны ДАШТ-ий аварга боловч Еврод хагас шигшээгээс хэтрээгүй. Энэ тоглоомд Испанийн ялалт тодорхой байсан бөгөөд тэд 2:0-ийн харьцаагаар хожсон.

Франц — Герман: 1:1 (торгуулийн цохилтоор 5:6)

Францын баг хүчирхэг боловч Евро, ДАШТ, Олимпоос медаль хүртээгүй. Харин Герман нь ДАШТ-ий хошой аварга, 2016 оны Олимпийн алт, Еврод найман удаа түрүүлсэн дэлхийн шилдэг багуудын нэг юм.

Тоглоомын 13 дахь минутад Германы хамгаалагч Кэтрин Хендрих Францын тоглогчийн гэзгийг татсаны улмаас улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн. Францын Грейс Гейоро торгуулийн цохилтоос гоол оруулсан. Гэсэн хэдий ч 24 дэх минутад Германы Шоэке Нюскен булангийн цохилтоос мөргөж, тоог тэнцүүлсэн. Францын хоёр гоол VAR-аар хүчингүй болсон бөгөөд тоглоомын үндсэн болон нэмэлт цагт тоо өөрчлөгдсөнгүй. Торгуулийн цохилтоор Герман 6:5-аар хожсон.

“Бид 10 тоглогчтой хэцүү тоглоомыг даван туулж, ялалт байгууллаа. Энэ бол бидний хувьд том амжилт” гэж Германы хаалгач Анн-Катрин Бергер хэлсэн байна.

Хагас шигшээ ба финалын төлөв

Хагас шигшээд дараах тоглоомууд болно:

  • 7-р сарын 22: Англи — Итали (Женев, 21:00 CET)
  • 7-р сарын 23: Герман — Испани (Цюрих, 21:00 CET)

Финал 7-р сарын 27-нд Базель хотын Сент Якобын цэнгэлдэхэд 18:00 цагт болж, ялагч баг Европын аварга болно.

Тэмцээний нэг тоглоомыг дунджаар 20,000 үзэгч цэнгэлдэхэд үзэж байна, энэ нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өсөн нэмэгдэж буй алдар хүндийг харуулж байна.

article 4c4227b6 b1de 4002 b66d 736cecb7d927

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment