Америкийн влогер Иванна Ортис өөрийн YouTube сувгаараа дамжуулан дуучин Рианнагийн гэр рүү халдсан “хачирхалтай” шалтгаанаа тайлбарласан бичлэгүүдийг нийтэлжээ. “New York Post” хэвлэлийн мэдээлснээр, Ортис дуучин Рианнаг дуу хөгжмөөрөө дамжуулан хүмүүст нөлөөлдөг “шулам” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Дуучны гэр рүү гал нээсэн тус эмэгтэй Рианнаг “чөтгөрийн төрхтэй” гэж тодорхойлсон бөгөөд “Тэр хэзээ ч хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх гэж хөгжим гаргаж байгаагүй. Тэр зөвхөн шулам хийх гэж л уран бүтээлүүдээ туурвидаг байсан. Бүгд зогсоцгоо! Түүнийг битгий сонс, түүнийг бүү дага” хэмээн ярьжээ.
Өмнө нь “NBC News” сувгаар мэдээлснээр, халдлага үйлдсэн эмэгтэй автомашин дотроосоо “AR-15” төрлийн винтовоор дуучны харш руу буудаж, байшингийн хананд оносон байна. Халдлага гарах үед Рианна гэртээ байсан боловч азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй юм.

Цагдаагийн байгууллага сэжигтнийг шуурхай баривчлан саатуулаад байгаа бөгөөд одоогоор албан ёсны байцаалтын явцад халдлагын нарийн ширийнийг тогтоохоор ажиллаж байна. Энэхүү хэргийн дараа Рианна Лос-Анжелес дахь харшийнхаа аюулгүй байдлын арга хэмжээг эрс чангатгасан талаар эх сурвалжууд мэдээллээ.