Нью-Йорк мужийн Бингамтоны их сургуулийн эрдэмтэд хүний арьс хөгшрөх явцад хэрхэн үрчлээ үүсдэг шалтгааныг шинэ түвшинд тайлбарлалаа. Тэдний үзэж байгаагаар, “инээх зураас” гэж нэрлэгддэг нүдний булангийн “хэрээний хөл” маягийн үрчлээсүүд нь үнэхээр инээмсэглэл, нүүрний хөдөлгөөнөөс шалтгаалдаг байнгын шахалт, суналтын үр дүн ажээ.
Судалгаанд 16-91 насны хүмүүсийн арьсны дээжийг ашиглаж, бага хүчтэй суналт хэмжигч төхөөрөмжөөр механик ачааллыг хиймэл байдлаар үүсгэн шинжилгээ хийжээ. Энэхүү төхөөрөмж нь арьсанд өдөр тутамд тохиолддог даралтыг дуурайлгасан бөгөөд үр дүнг микроскопоор нарийвчлан ажигласан байна. Ингэхэд нас нэмэгдэхийн хэрээр арьс таталтын хүчийг өөрөөр хүлээн авч, долгиолсон хээ үүсч, энэ нь эцэстээ үрчлээ болох нөхцөлийг бүрдүүлдэг нь илэрчээ.
Судлаачид арьсны үрчлээний гол шалтгаан нь арьсны өөрийн уян хатан байдал, чийгшил, бүтэцтэй холбоотой болохыг тогтоов. Арьсны гадна давхарга болох эвэрлэг хэсэг цаг хугацааны эрхээр хатуурч, дотоод давхарга дахь коллагены нягтрал багасч, уян налархай чанар нь сулардаг. Мөн нас ахих тусам эдүүд шингэнээ алдаж эхэлдэг нь үрчлээ гүнзгийрэх нөхцөл болдог байна.
Биоанагаахын инженер, судалгааны ахлагч Гай Герман “Арьс нь яг л Silly Putty шиг ажилладаг. Нэг чиглэлд сунгавал нөгөө талдаа агшдаг. Энэ шахалт олон жилийн турш хуримтлагдсаар эдийг ‘нугалж’, үрчлээс үүсгэдэг” хэмээн онцолжээ.
Тус судалгаа нь арьсны хөгшрөлтийн механик онцлогийг илүү гүнзгий ойлгоход тустай бөгөөд ирээдүйд хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний үр нөлөөг үнэлэх, арьсны өвчнийг эмчлэх шинэ арга боловсруулахад дэмжлэг болох юм. Мөн ашигласан туршилтын аргачлал нь тархи зэрэг бусад биологийн эдийн нугалааг судлахад ч хэрэглэгдэх боломжтой гэдгийг онцолжээ.
Үүнээс гадна эрдэмтэд арьсны хэт ягаан туяанд өртөлт болон биологийн насжилт хоёрын уялдааг онцлон дурдаж байна. Нарнаас хамгаалах тос хэрэглэх нь үрчлээ үүсэхээс сэргийлэхэд чухал нөлөө үзүүлдэг бол, хамгаалалтгүйгээр наранд удаан байвал хөгшрөлтийн шинж тэмдэг эрт илрэх эрсдэлтэй ажээ.
Тус судалгааны үр дүнг “Mechanical Behavior of Biomedical Materials” сэтгүүлд нийтэлжээ.