Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн захирагчийн тамгын газар (НЗДТГ) болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд шинэ томоохон замын бүтээн байгуулалт хийгдэх гэж байна.
Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам тавихаар төлөвлөсөн. Эдгээрийн нэг нь Яармагийн замаас Богд уулын ар дагуу дамжин Нисэхийн тууш замтай холбох 10.8 км урт зам юм.
Ирэх арваннэгдүгээр сард уг төслийн тендер зарлагдаж, барилгын ажлыг 2026 оны тавдугаар сард эхлүүлэхээр товложээ. Шинэ зам нь 24 метрийн өргөнтэй, зургаан эгнээтэй байх бөгөөд эгнээ тус бүрийн өргөн 3.5–4 метрийн хооронд байна. Мөн явган зорчигчдод зориулсан 2.5 метрийн өргөнтэй зам, дугуйчдад зориулсан 1.5 метрийн зам хийгдэнэ. Үүнээс гадна 18 автобусны буудал байгуулахаар тусгажээ.
Шинэ зам ашиглалтад орсноор Наадамчдын авто замын ачаалал мэдэгдэхүйц буурах бөгөөд нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих хугацаа 15 хувиар багасна гэж үзэж байна. Мөн явган зорчигчдын зорчилт 20 хувиар нэмэгдэх төлөвтэй.
Төслийн хүрээнд баригдаж буй замуудаас хамгийн түрүүнд эхэлсэн нь Сэлбэ голын дагуу 2.6 км урт зам бөгөөд одоогоор 20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэхүү шинэ замыг 2026 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.