Энэ долоо хоногийн Баасан гарагт Москва хотын Улаан талбайд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков энэ арга хэмжээнд төрийн тэргүүнүүд оролцох 29 улсын нэрсийг зарлажээ.
Тэдгээр улсуудаас БНХАУ, Бразил, Египет, Палестин, Венесуэл, Вьетнам, Беларусь, Тажикистан, Армени, Азербайжан, Босни Херцеговина, Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Буркино Фасо, Гвиней Биссау, Зимбабве, Конго, Куба, Лаос, Монгол, Мьянмар, Словак, Серби, Папуа Шинэ Гвиней, Этиоп болон Гүржээс салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осет улсууд оролцохоор болжээ.
Түүнчлэн Энэтхэг, Индонез, Никарагуа, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс өндөр түвшний төлөөлөгчөө илгээхээр болсон байна. БНАСАУ элчин сайдын түвшинд оролцохоор болсон гэдгийг мөн мэдээлжээ.
Ялалтын баярын арга хэмжээнд АНУ, Израил, Армени, Монголын ахмад дайчид оролцохоор болсныг Ушаков мөн мэдээлсэн байна. Мөн 13 улсын цэргийн алба хаагчид ялалтын баярын парадад жагсахаар болсон гэдгийг онцолжээ.
Тавдугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро нар хоёр улсын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бол мөн өдөр Монгол, Куба, Конгийн удирдагчидтай уулзахаар Путин төлөвлөжээ.

2 comments
Яг хэн ирэх бол гэж би гайхаж байна – улс төрийн үйл явдлууд үргэлж сонирхлыг төрүүлдэг
Энэ нь зөвхөн жагсаал цуглаан, илтгэл биш илүү амар амгаланг авчирна гэж найдаж байна