Цахим спортын ертөнцөд томоохон дуулиан дэгдлээ. “YaLLa Esports” гэх тэмцээн зохион байгуулагч байгууллага үйл ажиллагаагаа зогсоож буйгаа энэ долоо хоногийн Лхагва гарагт олон нийтэд мэдэгдлээ. “Хүндэт ‘CS’-ийн хамт олон минь, ‘YaLLa Compass’-ийн аялал энд хүрээд өндөрлөж байна. Биднийг дэмжсэн та бүхэндээ баярлалаа” хэмээн тус байгууллагын X (хуучнаар Twitter) хуудсаар дамжуулан албан ёсоор мэдээлэв.
Энэхүү мэдэгдлийн дараа “YaLLa Esports” нь нийтдээ нэг сая ам.долларын өртэй бөгөөд уг өрөө баг тамирчдад хуваарилагдсан шагналын мөнгөнөөс бүрдүүлж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэдний үйл ажиллагааны талаар нэгэн тоглогч “Өрөө төлөөд дараа нь дампуурах ёстой байсан юм” хэмээн сэтгэгдэл илэрхийлжээ.
Монгол Улсыг олон улсад амжилттай төлөөлж буй “The MongolZ” баг 2024 онд Абу Дабид зохион байгуулагдсан “YaLLa Compass” тэмцээнд түрүүлж, 200 мянган ам.долларын шагнал хүртэх эрхтэй болсон ч өнөөдрийг хүртэл уг мөнгөө авч чадаагүй байна. Тус тэмцээнд “The MongolZ” гранд финалын шатанд “NIP” багийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, анхны S зэрэглэлийн аварга болсон бөгөөд тэдний тамирчин “910” тухайн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарч байсан билээ.
2025 оны дөрөвдүгээр сард “YaLLa Compass” дахин тэмцээн зохион байгуулахдаа санхүүгийн хүндрэлтэй тулгарч, анх 600 мянган ам.доллараар зарласан шагналын сангаа 300 мянган ам.доллар болгон бууруулсан байдаг. Энэхүү тэмцээн “Остин Мэйжор”-ын эрх олгох тэмцээнтэй давхцсан тул зөвхөн онлайнаар зохион байгуулагдсан ба томоохон багууд оролцолгүй, Украины “NaVi Junior” баг финалд түрүүлжээ.
Тэмцээний дараа ил болсон санхүүгийн асуудлууд нь «YaLLa Esports»-ийг дампуурлаа зарлахад хүргэсэн бөгөөд тус байгууллагын нэр хүнд, тоглогчдын итгэлд ноцтой цохилт болсон юм.
Харин Монголын “The MongolZ” баг өнөөдөр буюу 17:00 цагаас “BLAST Bounty 2025” тэмцээний эхний тоглолтоо “ENCE” багийн эсрэг хийх гэж байна. Цахим спортын ертөнц тэдний дараагийн амжилтад анхаарлаа хандуулж байна.