Японы 102 настай иргэн Кокичи Акүзава тус улсын хамгийн өндөр оргил Фүжи (3776 м)-д авирч, энэ төрлийн дээд амжилтыг тогтоон Гиннесийн номд бүртгэгджээ.
Зүрхний дутагдлыг даван гарсан тэрбээр наймдугаар сарын 3-нд оргилд гарсан бөгөөд энэ нь түүний Фүжид хийсэн анхны авиралт биш юм. Өмнө нь тэр 96 настайдаа мөн энэ оргилд гарч байжээ.
Акүзава ерөнхийдөө долоо хоног бүр ууланд авирдаг бөгөөд энэ удаад урьдынхаас илүү урт аялал хийж, замдаа хоёр шөнийг уулын урцанд өнгөрөөн, нийт гурван өдөрт авирчээ.
Сэтгүүлчид түүнээс дахин авирах талаар асуухад:
“Дахиж хэзээ ч гарахгүй” хэмээн хошигнон хариулжээ.
Гэхдээ тэр даруйдаа:
“Хэрэв та энэ асуултаа ирэх жил надад тавибал өөр хариулт өгөх байх. Харин одоогоор энэ авиралтаараа сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн байна.
102 настай Акүзава өмнө нь ч идэвхтэй авиралт хийж ирсэн бөгөөд 99 насныхаа төрсөн өдрийг Набеварияма уулын 1272 м оргилд тэмдэглэж байжээ.