Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон бөгөөд Либерал Ардчилсан нам Ишин намтай эвсэж, шинэ засгийн газрыг байгуулсны дараа Санаэ Такаичи Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Тэрээр төрийн зардлыг хэмнэх, төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өөрийн болон бусад сайд нарын сарын нэмэлт цалинг 1.15 сая иенээр (ойролцоогоор 26.8 сая төгрөг) бууруулах шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэр нь Ишин намын “реформыг өөрсдөөсөө эхэлье” гэсэн уриатай нийцэж байгаа юм.
Хэрэв энэхүү цалингийн бууралтыг хэрэгжүүлбэл сайд нар парламентын гишүүдийнхээс илүү өндөр орлого авахгүй болох юм. Тодруулбал, Санаэ Такаичи өнгөрсөн аравдугаар сарын 21-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр:
“Сайд нар парламентын гишүүдээс илүү өндөр цалин авахгүй байхаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө ажиллана”
хэмээн мэдэгдэж байжээ.
Японд сайд нар парламентын гишүүний үүрэгтэйгээ зэрэгцэн Засгийн газарт ажилладаг тул одоогийн хуулийн дагуу илүү өндөр цалин авч байгаа бөгөөд шинэ өөрчлөлтөөр энэ ялгааг арилгах зорилготой байна.