2025 оны долдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд төрийн хүндэт ёслолоор албан ёсоор угтан авлаа.
Угтах ёслолын эхэнд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэсэн. Ёслолын буудлага үйлдэж, хүндэт зочдод төрийн өндөр хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний гэргий, зочид төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсон. Үүний дараа Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсэн юм.
Ерөнхийлөгч Хүрэлсүх болон Эзэн хаан Нарүхито нар хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой уулзаж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт Эзэн хаан өөрийн гарын үсгийг зурсан байна.
Төрийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, Японы Эзэн хааны одон хүртсэн монгол иргэд, мөн мэргэжлийн сүмо бөхийн Их аваргуудын төлөөлөл оролцсон нь хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэдэл боллоо.
Айлчлалын хүрээнд Эзэн хаан Нарүхито болон хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчэнлин хийд, Хустайн байгалийн цогцолборт газар зэрэг соёл, түүхийн онцлох газруудаар зочилж байна. Түүнчлэн тэд Ус сувгийн удирдах газар, Гачууртын ундны усны эх үүсвэр, Монгол-Японы хамтарсан эмнэлэг болон боловсролын байгууллагад зочлохын зэрэгцээ, манай улсад оршин суугаа япон иргэд, Япон Улстай хамтын ажиллагаатай монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Монгол, Япон хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1997 оноос “Иж бүрэн түншлэл”, 2010 оноос “Стратегийн түншлэл”, 2022 оноос “Хүн төвтэй, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд харилцаагаа хөгжүүлж байна.