Японы хойд бүсэд баавгай хүнийг довтлох тохиолдол огцом өсч, оршин суугчдын аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрээд байна. Үүний улмаас зэвсэгт хүчний нэгжүүдийг баавгай барих, хүн амыг хамгаалах ажиллагаанд албан ёсоор дайчлах шийдвэр гаргажээ. Энэ ажиллагааг ой модоор хүрээлэгдсэн, Казүно нэртэй жижиг тосгонд туршилтаар эхлүүлсэн байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт Казүно орчмын уул, ойд баавгай үзэгдэх байдал эрс нэмэгдсэн бөгөөд нутгийн удирдлагууд оршин суугчдад:
- Ой мод руу аль болох орохгүй байх
- Нар жаргасны дараа гадаа гарахаас зайлсхийх
зэрэг анхааруулгыг давтан өгчээ.
Казүно тосгоны баавгайн асуудлыг хариуцдаг Яасүхиро Китаката нөхцөл байдлын талаар “Хэсэгхэн хугацаанд ч гэсэн цэргийнхэн тусалж байгаа нь сэтгэлд үнэхээр тайвшрал өгч байна. Баавгай их чимээ гарахад үргэлж зугтдаг гэж би боддог байсан. Гэтэл одоо тэд чимээ сонссон ч зугтахгүй, бүр эсрэгээрээ хүмүүс рүү улам ойртож байна. Үнэхээр аймшигтай амьтад болжээ” хэмээн ярьсан байна.
Байгаль орчны яамны мэдээллээр 2024 оны дөрөвдүгээр сараас хойш баавгай хүний биед халдсан 100 гаруй тохиолдол бүртгэгдэж, үүнээс 12 хүн амь насаа алдсан байна. Эдгээр хохирлын ихэнх нь Казүно байрлах Акита муж болон ойролцоох Иватэ мужид тохиолдсон бөгөөд нийт нас барагсдын гуравны хоёр хувийг эзэлж байгаа аж.