Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башё үргэлжилж байгаа энэ үед их аварга Оносато тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсноо албан ёсоор зарлав. Тэрбээр тэмцээний эхний гурван өдөр дараалан өвдөг шороодсоныхоо дараа хуучин гэмтэл нь сэдэрсэн гэх шалтгаанаар ийнхүү барилдааныг орхиж байна.
Оносатогийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын тэмцээнд зүүн мөрөндөө гэмтэл авч, ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнтэй барилдалгүй башёг дуусгаж байсан түүхтэй. Хэдийгээр нэгдүгээр сарын тэмцээнд 10 даваа авч дажгүй барилдсан ч энэ удаагийн башёгийн эхний гурван өдөр хоёр ч “алтан од” буюу кинбоши алдсан нь түүний биеийн байдал тааруу байгааг илтгэсэн юм.
Сүмо бөхийн кинбоши болон түүний эргэн тойрон дахь мэдээллийг тоймловол:
- Оноолт: Өнөөдөр Оносато өмнөх хоёр башёд дараалан унаад байсан Ёшинофүжитэй учраа таарсан ч барилдаанаас гарсан тул Ёшинофүжи барилдалгүй хоёр дахь даваагаа авлаа.
- Кинбошигийн давуу тал: Ёкозүнаг давсан маэгашира цолтой бөх замналынхаа турш тэмцээн бүрээр 40,000 иений нэмэгдэл урамшуулал авдаг. Энэ нь жилд зургаан удаа олгогддог тул сүмочдод маш том боломж болдог.
- Алдагдсан одод: Одоо барилдаж буй аваргуудаас Хоошёорюү С.Бямбасүрэн хамгийн олон буюу 13 удаа кинбоши алдаад байгаа бол Оносато 11 удаа алдаад байна.
Одоо барилдаж буй бөхчүүдээс хамгийн олон кинбоши хүртсэн амжилтыг манай тамирчин Тамаваши Б.Мөнх-Оргил эзэмшдэг. Тэрбээр ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийг дөрвөн удаа давснаас гадна Харүмафүжи Д.Бямбадорж, Кисеносато, Какүрюү М.Ананд болон Оносато нарын аваргуудаас “алтан од” зулгааж байсан гайхалтай туршлагатай сүмоч юм.