Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё амжилттай өндөрлөж, энэ удаагийн гол анхаарал татсан сэдэв нь залуу озеки Оносатог ёкозүна цолоор шагнах эсэх асуудал байлаа.
24 настай Оносато 14 даваа, 1 унаатайгаар башёд түрүүлж, ёкозүна цолны болзлыг хангаад байгаа. Тэрээр сүүлийн өдөр их аварга Хоошёорюү С.Бямбасүрэнд ялагдсан ч нийт амжилтаараа бусдаас тэргүүлсэн. Харин Хоошёорюү 12 даваа, 3 унаатайгаар үзүүрлэв.
Сүмогийн холбоо ёкозүна цол олгох эсэхийг энэ Лхагва гарагт тусгай хурлаар хэлэлцэж, албан ёсоор шийдвэрлэх юм. Ёкозүнагийн Зөвлөл дээр уг асуудлыг хэлэлцээд, эцсийн шийдвэрийг холбоо гаргана.
Холбооны дүрмийн дагуу озеки цолтой бөх хоёр тэмцээнд дараалан түрүүлэх, эсвэл түрүүлсэнтэй тэнцэхүйц амжилт үзүүлбэл их аварга цол олгохоор заасан байдаг. Оносатогийн хувьд ердөө 13 тэмцээнд барилдсаны дараа ёкозүнагийн босгыг давсан нь 1909 оноос хойш мөрдөгдөж буй системд дээд амжилтад тооцогдож байна.
Тэмцээний онцлох амжилтуудыг дурдвал:
- Комүсүби Вакатакакагэ болон Секиваки Киришима Б.Лхагвасүрэн нар техниктэй бөхийн шагнал хүртсэн бол
- Дайчин барилдааны шагналыг Аонишики (11:4), 38 настай Саданоүми (10:5) нар хүртжээ.
- Жүрёо зиндаанд 13 даваа, 2 унаатайгаар түрүүлсэн Күсано дээд зиндаанд дэвших нь тодорхой болсон байна.
Түүнчлэн дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд дараах амжилт үзүүллээ:
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн — 12 даваа, 3 унаа
- Секиваки Киришима Б.Лхагвасүрэн — 11 даваа, 4 унаа
- Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил — 6:9
- Маэгашира 5 Чиёшоома Г.Мөнхсайхан — 4:11
- Маэгашира 6 Ошома П.Дэлгэрбаяр — 10:5
- Маэгашира 8 Онокацү Б.Чойжилсүрэн — 10:5
- Маэгашира 17 Тамашохо Э.Энхманлай — 4:11
Оносатогийн цол олголт зөвхөн нэг бөхийн амжилт бус, сүмо бөхийн түүхэнд шинэлэг үеийг нээж магадгүй хэмээн спортын мэргэжилтнүүд онцолж байна. Харин түүнийг ёкозүна болгох эсэхийг нийт сүмо сонирхогчид анхааран хүлээж байна.