З.Цогтгэрэл: Нийслэлд 105 сургууль, 247 цэцэрлэгийн 20 мянга орчим багш ажил хаялтад нэгдсэн

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
З.Цогтгэрэл: Нийслэлд 105 сургууль, 247 цэцэрлэгийн 20 мянга орчим багш ажил хаялтад нэгдсэн

Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага үргэлжилж байна

Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг дэвшүүлсэн ажил хаялт улсын хэмжээнд өргөжиж байна. Тэмцэл эхэндээ шаардлага хүргүүлэх, тайван жагсаал зохион байгуулах хэлбэртэй байсан ч үр дүнгүй үргэлжилсний улмаас энэ сарын 16-наас албан ёсны ажил хаялт эхэлжээ.

Анх есөн аймаг, нийслэлийн 78 сургууль, 160 цэцэрлэг оролцож байсан бол өнөөдрийн байдлаар ажил хаялтад нэгдсэн байгууллагын тоо эрс нэмэгдээд байна.

Нийслэлд 20 мянга орчим багш ажил хаялт зарлажээ

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл хэлэхдээ:

“Ажил хаялтад сургууль, цэцэрлэгүүд нэгдсээр байна. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 105 сургуульд 10,722 багш, ажилтан, 247 цэцэрлэгт 9,092 багш ажилтан оролцож байна. Нийтдээ 352 байгууллагын 20,000 орчим багш ажилтан ажлаа хаясан. Аймгуудын дүнг нэгтгэж байна” гэжээ.

Тэрбээр мөн “Боловсролын яамнаас одоогоор нааштай хариу ирээгүй, харин Байнгын хороод өнөөдөр багш нарын асуудлыг хэлэлцэж байна” хэмээн онцолсон байна.

Засгийн газрын байр суурь

Засгийн газар зардлаа 10 хувиар танах замаар багш нарын цалинг 15–20 хувиар нэмэх боломжтой гэж үзэж байгаа ч энэ нь гар дээр авах дүнгээр 150–200 мянган төгрөгийн нэмэгдэлтэй тэнцэж байгаа аж. Багш нарын зүгээс энэ саналыг хангалтгүй гэж үзэн ажил хаялтаа үргэлжлүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй