Залуусыг цэргийн эрдэмд сургах “Оюутан цэрэг” хөтөлбөрийн элсэлт дуусах дөхлөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Оюутан цэрэг

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуус бүртгэлээ амжиж хийх шаардлагатайг албаныхан сануулж байна. Цэргийн мэргэжил олгох энэхүү хөтөлбөрийн бүртгэл 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагт албан ёсоор хаагдах юм. Их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж буй оюутнууд төрийн мэдээллийн нэгдсэн систем болох E-Mongolia-аар дамжуулан цахимаар бүртгүүлэх боломжтой бол мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчид харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биеэр очиж бүртгүүлэх ёстой.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус хэд хэдэн үндсэн шалгуурыг заавал хангасан байх үүрэгтэй. Бүртгэл хийлгэхээсээ өмнө өөрийгөө доорх шаардлагуудыг хангаж буй эсэхийг нягтлахыг зөвлөж байна:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн I-III дамжааны оюутан эсвэл МСҮТ-ийн суралцагч байх.
  • 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 насанд хүрсэн байх.
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх.
  • Хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2.8 буюу түүнээс дээш байх.

Энэ жил залууст цэргийн 13 өөр төрлийн мэргэжлээс сонгох боломжийг олгож буйгаараа онцлогтой юм. Онолын сургалтын шатанд дөрвөн төрлийн хичээл орох бөгөөд мэргэжлийн бэлтгэлд хамрагдахын тулд ерөнхий шалгалтад 60-аас дээш оноо авах шаардлагатай. Харин МСҮТ-ийн суралцагчдын хувьд сургуулийн тодорхойлолт, дүнгийн хүснэгт зэрэг бичиг баримтаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Цэргийн штабт хандахыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй