Замын хураамжийг нэмнэ.

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Замын хураамжийг нэмнэ

2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтийн санал бодлыг сонсож, тухайн салбарын төлөөллүүдтэй нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна. Өчигдөр Зам, тээврийн салбарын хэлэлцүүлэг болж, энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан замын хураамжийг нэмж, хувийн хэвшлийг зам барихад оролцохыг дэмжихээ илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ, “Иргэд зам чанаргүй байна, эвдрэл их байна гэж ярьдаг. Тиймээс ирж буй жилийн төсвийн онцлог нь шинээр зам тавихыг орхиж, эдийн засгийн үр өгөөжтэй, хуучин замуудаа барьж дуусгах бодлого барихаар шийдсэн. Замыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр биш, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон улсын жишгээр тавих ёстой” гэж дурдав.

Түүнчлэн, өндөр төлбөртэй замуудыг байгуулахын тулд хувийн хэвшлийг татан оролцуулах зорилготой гэдгээ онцолсон байна. «Их хэмжээний ачаа бараатай хүнд даацын машинууд хэдэн зуун километр явсан ч 1,000-3,000 төгрөг л төлдөг. Энэ байдлаар Монгол Улсад дэд бүтэц хөгжих ямар ч боломжгүй» гэж Б.Дэлгэрсайхан хэллээ.

Тэрбээр замын хураамжийг нэмэх, зам барихад хувийн хэвшил оролцох шаардлагатай гэдгийг тодорхойлж, “Хүн сайн зам дээр явж, сайн үйлчилгээ авахын тулд мөнгөө төлөх ёстой» гэж нэмж хэлсэн байна. Тэрбээр энэ зүйлийг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж, ирээдүйд өндөр төлбөртэй замууд байгуулснаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.

Үүний дараа тэрбээр замын төлбөрийг эхний ээлжинд километр тутамд 10 төгрөг байлгахаар төлөвлөж байгаагаа хэлсэн бөгөөд ачааны машины хувьд туулах замын урт болон ачааны жинг тооцож, зохих хураамжийг тогтоохоор төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment