Засаг даргын нөөц хөрөнгөөр 8 эмнэлэгт засвар, 20 зууханд шинэчлэл хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Засаг даргын нөөц хөрөнгөөр 8 эмнэлэгт засвар, 20 зууханд шинэчлэл хийнэ

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар үйлчилгээ болон дулааны хангамжийн ажлыг санхүүжүүлж, нийт 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засвар болон 20 уурын зуухны шинэчлэл хийхээр болжээ.

2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд 750 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд хичээлийн шинэ жил эхлэхтэй уялдуулан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн шугам сүлжээг засварлах, дулаанаар хангах ажлууд багтсан байна. Энэ зорилгоор Засаг даргын нөөц хөрөнгөөс нийт 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлэхдээ:
“11 сургуулийн гадна шугам, 9 цэцэрлэгийн шугам сүлжээг засаж эхэллээ. Мөн 7 эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засвар хийж, уураар халдаг дулааны 20 зуухыг шинэчилнэ. Ингэснээр сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийг нүүрсний хэрэглээтэй бус уурын зуухаар дулааныг нь шийдэж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна” гэв.

Ийнхүү боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын инженерийн дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй