2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн авч хэлэлцэв. Хууль санаачлагчийн танилцуулга болон байнгын хорооны санал, дүгнэлтийн дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Зээлийн хүү буурах нөхцөл бүрдэх үү?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зээлийн хүү буурах бодит нөхцөл бүрдэх эсэхийг тодруулахад УИХ-ын гишүүн Э.Батшугар:
“Дэлхийн 28 орны туршлагыг судлахад зээлийн зэрэглэл нэвтрүүлснээр хүү 3.2-3.4 хувиар буурсан жишээ бий. Вьетнамд хүү 18 хувиас 12-14 хувьд буурсан. Банкны зээлийн хүүгийн бүтцийг харахад 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн, 12 хувь нь үйл ажиллагааны зардал эзэлж байна. Онооны системд шилжсэнээр эрсдэлийн болон бусад зардал буурч, зээлийн хүүг бууруулах боломжтой” гэв.
Иргэдийг хамгаалах чиглэлд анхаарал хандуулж байна
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, М.Мандухай, Н.Алтаншагай нар зээлжих зэрэглэлийн аргачлал, зээлийн мэдээллийн ил тод байдал, өндөр хүүтэй өдрийн зээлийн асуудлуудыг хөндөв. Хариуд нь хууль санаачлагч болон Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өгөхдөө:
- Зээлийн онооны системд иргэн зээлээ төлвөл оноо өсөх, хугацаа хэтрүүлбэл буурах динамик зарчмаар ажиллана. Энэ нь чанаргүй зээлийн хэмжээ буурахад нөлөөлнө.
- “Хар жагсаалт” гэх ойлголт байхгүй. Зээлтэй холбоотой бодит мэдээллийг бүртгэдэг.
- Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд өдрийн зээлийн дээд хязгаарыг тусгасан заалт багтсан.
Банкны хүү өндөр байгаа асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан банк, банк бус санхүүгийн байгууллагын дунд буй хүүгийн зөрүү, эргэлтийн схемийн талаар онцолж:
“Банкууд дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага байгуулж, бага хүүтэй зээлийг өндөр хүүтэй зээл болгон дамжуулж байна. 2024 онд ББСБ-уудын авсан зээл 700 тэрбум төгрөгт хүрч, иргэдэд 36-50 хувийн хүүтэйгээр олгож буй нь санхүүгийн дарамт бий болгож байна. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай” гэж мэдэгдэв.
Санал хураалт, шийдвэр
УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Батбаатар нар хуулийн төслийг дэмжиж үг хэлсний дараа санал хураалт явуулсан бөгөөд олонхийн саналаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэн дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр шийдвэрлэлээ.