Америкийн алдарт жүжигчин Зендея 2026 онд тун ачаалалтай ажилласныхаа дараа уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрөхөөр зэхэж байна. Энэ жил түүний оролцсон “Драма”, “Дюна: Гуравдугаар бүлэг”, “Хүн аалз: Цоо шинэ өдөр”, “Одиссей” кинонууд болон удаан хүлээлгэсэн “Эйфория” цувралын гуравдугаар улирал гэсэн таван том төсөл нээлтээ хийхээр төлөвлөгджээ. 29 настай жүжигчин гуравдугаар сарын 26-нд Fandango-д өгсөн ярилцлагадаа өөртөө амсхийх хугацаа хэрэгтэй байгааг хэлсэн байна.
“Үүний дараа би хэсэг хугацаанд алга болно. Жаахан хугацаанд бүр сураггүй болох хэрэгтэй болно” гэж Зендея хэлжээ.
Тэр мөн хошигнон:
“Хүмүүс надаас залхчихгүй байгаасай л гэж найдаж байна. Миний кино бүрийг, ер нь миний уран бүтээлийг дэмждэг хүн бүхэнд би чин сэтгэлээсээ талархдаг, үүнийг үнэхээр өндөр үнэлдэг” гэж нэмж хэлсэн байна.
Түүний уран бүтээлээс гадна хувийн амьдрал, ялангуяа сүйт залуу Том Холландтайгаа ямар харилцаатай байгаа нь ч фэнүүдийн анхаарлыг ихээр татсаар байна. Хосууд сүй тавиад нэг жил болсон ч харилцааныхаа талаар нийтэд дэлгэрэнгүй ярьдаггүй хэвээр байгаа юм. Үүнээс болж тэд аль хэдийн гэрлэсэн байж магадгүй гэх цуу яриа ч гарсан. Зендея энэ тухайгаа Жимми Киммелийн шоунд тайлбар өгөхдөө, цахим орчинд тархсан олон түүхийг өөрөө ч хараагүй явсан гэж хэлжээ.
Тэрбээр хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч хуримын зургуудын талаар ч тусгайлан дурдсан байна. Түүний хэлснээр, олон танил нь хүртэл тэдгээр зурагт үнэмшсэн аж.
“Маш олон хүнийг энэ нь төөрөгдүүлсэн. Би бодит амьдрал дээр ажлаа хийгээд явж байхад хүмүүс ирээд ‘Бурхан минь, танай хуримын зургууд үнэхээр гоё байна’ гэж хэлдэг байсан. Тэгэхэд нь би ‘Хайр аа, энэ чинь хиймэл оюун. Жинхэнэ биш’ гэж хариулдаг байсан” хэмээн жүжигчин ярьжээ.
Ачаалал их байсан ч Зендея одоогийн амьдралынхаа энэ үеийг таатай өнгөрүүлж байгаагаа онцолсон байна. Тэр E! News-д өгсөн ярилцлагадаа энэ цаг үеэ “гайхалтай” гэж тодорхойлсон ч оны сүүлчийн нээлтүүдийн дараа заавал өөрийгөө сэргээх хугацаа авна гэдгээ баталжээ.
Эх сурвалж: E! News