Холливудын хамгийн үзэгчтэй, хайр татам хосуудын нэг болох Зендея, Том Холланд нарыг тойрсон шуугиан шинэ шатанд гарлаа. Тэдний дотны найз бөгөөд стилист Лоу Роуч хосуудыг аль хэдийн нууцаар хуримласан хэмээн мэдэгдсэн нь олныг гайхшруулаад байна.
Гуравдугаар сарын 1-нд болсон “Actor Awards” ёслолын улаан хивсний ёслолын үеэр “Access Hollywood”-ийн сэтгүүлч Лоу Роучаас хосуудын талаар тодруулахад тэрээр: “Хурим аль хэдийн болчихсон шүү дээ. Та нар л анзааралгүй өнгөрөөж” хэмээн ам алджээ. Сэтгүүлчийг энэ үнэн эсэхийг дахин лавлахад стилист инээмсэглэн “Түгээмэл үнэн” хэмээн баталсан байна.
Одоогоор оддын төлөөлөгчдөөс албан ёсны тайлбар ирээгүй байгаа ч шүтэн бишрэгчид нь тэднийг нууцхан гэрлэсэн гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэдний хайрын түүх 2016 онд “Хүн-аалз: Гэртээ харьсан нь” киноны зураг авалтын үеэр эхэлсэн бөгөөд 2024 оны сүүлчээр Зендея ядам хуруундаа бөгжтэй харагдсанаар сүй тавьсан нь тодорхой болсон юм.

Үүнээс гадна 29 настай жүжигчин бүсгүйг бие давхар болсон байж магадгүй гэх таамаг цахим орчинд хүчтэй яригдаж байна. Зендея сүүлийн үед олны өмнө гарах нь цөөрч, гарахдаа ч биеийн галбираа нуусан сул загварын хувцас сонгох болжээ. Мөн зарим бичлэг дээр тэрээр гараа хэвлий хэсэгтээ ойрхон байлгаж байгаа нь ийнхүү хардахад хүргэсэн байна.
Зендея өмнөх ярилцлагууддаа хувийн амьдрал болон дэлхий нийтийн анхаарлын дунд тэнцвэрээ олоход амаргүй байдаг тухай дурдаж байсан юм. Тэрээр “Хайр дурлал гэдэг бол зөвхөн хоёр хүний дунд хадгалагдах ёстой нандин зүйл” хэмээн онцолж байв. Том Холланд ч мөн адил алдар нэрээс болж хамгийн нандин мөчүүд нь хормын дотор олон нийтийн хүртээл болдогт сэтгэл дундуур байдгаа нуудаггүй билээ. Гэсэн хэдий ч хосууд хувийн орон зайгаа хамгаалж, аз жаргалаа нандигнан харилцаагаа үргэлжлүүлсээр байна.
