УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байхад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдыг шүүмжилж, “Та Ерөнхий сайдаар ажиллаад 5 дахь жилдээ орж байна. Хэтэрхий вакуумжаад, амьдралаас тасарсан юм биш үү?” гэж хэлсэн юм. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “С.Баярцогт даргын асуултад хариулъя. Залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин хачин юм яриад бай” гэж хариулсан нь тэдний хооронд багагүй маргаан үүсгэсэн.
Тус маргаантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл хийж, “Миний үгийг хэн ч зааж өгдөггүй. Би С.Баярцогттой уулзаагүй олон сар болж байна. Харин манай Ерөнхий сайдад улстөрчдийн ярьдгаар 15 давхраас нь ийм зүйл зааж өгөөд байдаг юм уу. Надад С.Баярцогт үг зааж өгсөн гэж байгаа бол цагдаа, тагнуулаа ашиглаад нотло” гэж онцолсон юм.